Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой тохиож байна

Өнөөдөр /2019-01-31/ олноо өргөгдсөн Монгол Улсын хаан, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ой тохиож байна. 

1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол улс маань  Манж  чин гүрнээс салж тусгаар тогтнолоо зарласны дараа Богд Жавзандамба Агваанлувсанчойжинямданзанванчүгбалсамбууг Монголын эзэн хаанаар өргөмжилсөн юм.

Наймдугаар Богд Жавзандамба хутагт 1870 он буюу XV жарны цагаан морин жилийн эхээр Түвдийн Лхас хотод Далай ламын сангийн нягтлан бодогч чинээлэг түшмэлийн гэр бүлд гуравдугаар хүү нь болон мэндэлсэн байна.

1871 онд Далай лам, Банчин, Эрдэнэ нар 8-р Богдыг эцсийн байдлаар тодруулсныг Халх Монголоос олон удаа лам ноёд очиж үзсэн бөгөөд түүнийг 1874 оны өвлийн эхэн сард Их Хүрээнд залан авчирч, их хөл болж, ёслол төгөлдөрөөр ширээнд нь залсан гэдэг.

bogd

1874 оны өвлийн эхэн сард Их Хүрээнд залан авчирч, их хөл болж, ёслол төгөлдөрөөр ширээнд нь залсан гэдэг.

Богд Их хүрээнд залагдаж ирэхдээ эцэг, эх, ах, дүү нарын хамтаар бүгд долуулаа ирсэн гэдэг. 

Жавзандамба хутагт шашин мөргөлийн зан үйлээс гадна түвд, монгол хэл бичигт шамдан суралцаж байв. Түүний дэргэд монгол багш нараас гадна Далай ламын бие төлөөлөгч Ёнзон хамба, Банчин Богдын бие төлөөлөгч Хачин лам нар байнга хажууд нь шадарлан байж зөвлөхийн үүрэг гүйцэтгэн элдвийг заан сургадаг байжээ.

1882 онд Богд гэгээнтний эцэг өвчнөөр нас барснаар тэр эх Ойдовдулам болон ах, дүү нараасаа тусдаа амьдрах болсон байна. Энд сонирхуулахад Богдын хамгийн том ах Балданцэрэн гүнгээс бусад нь лам, шашны цол хэргэмтэн байснаас гадна доороосоо хоёрдахь дүү Лувсанхайдав нь Чойжин лам нэрээр алдаршсан нэгэн байв. /Чойжин ламын сүм музей одоо ч бий/

Богд гэгээнтнийг 17 настай байхад түүний эх Ойдовдулам бие барсан бөгөөд Залуу хутагт эхээсээ хойш тухайн нийгмийн залуучуудын амьдралыг ихээхэн шохоорхож номын ёсоо зөрчиж байсан тухай дам яриа ч байдаг.

Жавзандамба хутагтад хэдий залуу насны шохоорхол сонирхол, дэггүйтэл байдаг байсан ч энгийн ард, лам ноёд, тайж гэх зэрэг хүн амын янз бүрийн давхаргад ном унших, адис өгөх, рашаан хүртээх, шашны ном сургах, сахил авшиг хүртээх ном хаялцах, цол хэргэм хүртээх, зэрэг гол ажлаа умартаж байсангүй.

Богд Жавзандамба Ар Монголын шарын шашны тэргүүн олон монголчуудын багш оройн чимэг болж байвч Далай лам, Банчин богд нарт “шавь” нь, Манжийн хаанд “албат” нь болж байв.

Иймээс Далай лам, Банчин Эрдэнэд даншиг мандал өргөх, Манжийн хаанд хууль дүрмийн дагуу 9 цагаан алба барьдаг байжээ.

Богд өөрийгөө зөвхөн шарын шашны тэргүүн төдийгүй Чингисийн угсааны Түшээт хан Гомбодоржийн гэрт мэндэлсэн Анхдугаар Богд Жавзандамба хутагтын 8 дахь дүр учраас Монголын төр ёсонд чухал ач холбогдолтой хүн гэдгээ бусдад ойлгуулж чаддаг байснаас гадна монголчуудын дунд тэр өөрийгөө харь хүн гэдгээ бас мартдаггүй байсан байна.

Манжийн шинэ засгийн бодлогыг Монгол орны энд тэндгүй эсэргүүцсэн бослого, хөдөлгөөн гарч эхэлмэгц Жавзандамба хутагт Ар Монголын ноёд, дээд лам нарын зориг эрмэлзлэлийг харгалзахаас өөр аргагүй болсон гэдэг.

Жавзандамба хутагт Ар, Өвөр монголчууд хийгээд бусад монголчуудын дунд шашны талаар асар их нэр хүндтэй, монгол хэл бичиг маш сайн мэддэг байсан тул Монголын ҮЭЧХ-ний төлөө тэмцэгчид түүнийг өөртөө татан, түүнийг хүрээлэн нягтрах зарчмын шаардлага байсан тул энэ ажлыг Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Гүн Хайсан нар зонхилон гүйцэтгэж байв.

Ер нь Жавзандамба хутагт Манжийн төрд учирлан гуйх замаар нүүрлэж буй аюул болох шинэ засгийн бодлогыг өөрчлүүлж байсан учраас Халхын 4 аймгийн эрх баригчидтай хамтран бичиг зохиолгон бархыг чухалчилж байжээ. Гэтэл энэ үеэр Сайн ноён хан аймгийн жанжны газраас Халхын 3 аймаг, их шавийн эрх баригчдад санал гаргахдаа “…Эл явдалд бидний аймаг, шавь гэгээн танаа лавхан айлтгаж нэгэн тулгуур олж тэр тухайд цаг шүүмжлэлгүй болгон шийдвэрлэж нэгэн болгон тогтоовоос амар” гэсэн байдаг.

Энэ бол Жавзандамба хутагтыг ҮЭЧХ-д буцалтгүй зонхилох үүрэгтэйгээр татан оролцуулах гэсэн санаа байсан бөгөөд үүнийг Түшээт хан Дашням, Ханд вангийн хамтаар дэмжиж, Халхын 4 аймаг, Их шавийн эрх баригчдын хурлыг 6-р сарын 25-ны өдөр Их хүрээнд хийлгэх санал нэмэрлэсэн нь Богдод ихээхэн таалагдсан байна.

Ийнхүү дээрх саналын дагуу урьд товлосон ёсоор 1911 оны 6-р сарын 21-нд Халхын 4 аймгийн хан, чуулган дарга нар, жанжин тэргүүтэй ноёд, хамба, шанзаб нарын зэрэг эрх мэдэлтнүүд Жавзандамба хутагтад бат оршил өргөхөөр цуглараад, Эрдэнэ шанзубын яаманд нууц зөвлөгөөн хийж шинэ засгийн бодлогыг хэрхэхийг хэлэлцэж байжээ. Иймээс Монголчууд тусгаар тогтнолоо сэргээн мандуулах үйл хэрэгт наймдугаар Богд Жавзандамба онцгойлон оролцож байсан гавьяаг бид хэзээд дурсах учиртай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн