Түүхэн өдөр: Шинэ Үндсэн хууль батлагдсаны 27 жилийн ой тохиож байна

Монголчууд нэн шинэ түүхэндээ дөрвөн удаа Үндсэн хууль баталсан гэдэг.  1992 оноос өмнөх гурван удаагийн Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн Үндсэн хуулиуд байв.

Харин одоогоос 27 жилийн өмнө баталсан Үндсэн хууль бол манай орны нийт хүн амыг нийгмийн анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлалгүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн ардчилсан Үндсэн хууль гэж Монголын ард түмэн нийтээр хүлээн зөвшөөрдөг билээ.

undsen huuli-1

Үндсэн хууль нь Монголын нийт ард түмний хамтын оюун санааны бүтээл юм.

Монгол Улс ардчилсан шинэ Үндсэн хуультай болоход тухайн үедээ улс төрийн олон намын төлөөлөлтэйгээр анхны ардчилсан чөлөөт сонгуулиар байгуулагдаж, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлж байсан Ардын Их Хурлын 430 гаруй депутат, Улсын Бага Хурлын 50 гаруй гишүүн оюун ухаанаа уралдуулан гар бие оролцон батлалцсан түүхтэй. Мөн шинэ Үндсэн хуулийг батлалцах олон нийтийн хэлэлцүүлэгт Монголын нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцож, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

undsen huuli-2

Монгол түмний өргөн оролцоотойгоор хэлэлцэж баталсан шинэ Үндсэн хуулиар нийгэм, эдийн засгийн харилцаанд төдийгүй хувь хүн, гэр бүл, нийгмийн салбарт хөгжил дэвшлийг авчирч, дэлхий дахинд ардчилсан Монгол Улс хэмээн нэрийдэх болов.

Шинэ Үндсэн хуулийг хэрэгжүүлж эхэлснээс хойш нийгмийн амьдралын бүх салбарт ардчиллын үзэл санаа хэрэгжин төрийн ардчилсан тогтолцоо төвхнөн, хувийн өмчид суурилсан чөлөөт зах зээлийн харилцаа төлөвшсөн байна.

Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөөний эрх зүйн баталгааны үндэс тавигдаж, монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж өссөөр Монгол Улсын олон улсын нэр хүнд, байр суурь бэхжин, тусгаар тогтнол,  аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн гадаад таатай орчин бүрдэж эхэлжээ.
undsen huuli-3

Тухайн үеийн Ардын Их Хурлын депутатууд 1992 онд 70 зүйлтэй шинэ Үндсэн хуулийг батлахдаа 34 зүйлийн 60 гаруй заалтад эрх зүйн үндсийг нь хуулиар тогтоохоор зааж, шинээр бүрдэх байнгын ажиллагаатай парламентад даатгаж үлдээсэн байдаг. Үндсэн хуулийн эдгээр заалтуудын дагуу холбогдох хууль боловсруулан баталж, Үндсэн хуулийг амилуулан иж бүрэн хэрэгжүүлэх гол үүргийг 1992-1996 оны Улсын Их Хурал бүрдүүлсэн юм. Энэхүү гавьяаг Монгол Улсын төр, ард түмэн мартах учиргүй билээ.

Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага-үе үеийн Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн хугацаанд 684 хууль, Улсын Их Хурлын 1846 тогтоол, Монгол Улсын олон улсын 545 гэрээ баталжээ. Ийнхүү Монгол Улсад хууль тогтоох эрх мэдэл зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдан нийгмийн харилцааг дур зоргоор бус харин эрх зүйгээр зохицуулах боломж бүрдсэн байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн