Төв аймгийн нутаг дэвсгэрт түүх, соёлын 21 үл хөдлөх дурсгалт газарт бий

Төв аймгийн нутаг дэвсгэрт улсын хамгаалалтад 15 түүхийн дурсгал, аймгийн хэмжээнд 6 түүх, соёлын үл хөдлөх дурсгал бий. Тус аймгийн нутаг дэвсгэр дэх улсын хамгаалалтад орсон хөшөө, дурсгалын түүхээс толилуулъя.

Тоньюкукын цогцолбор дурсгал

Тоньюкукын бунхан

Төв аймгийн Эрдэнэ сум Баянцогт уулын баруун хойно Налайхаас зүүн тийш 20 орчим км зайд оршино.

Тоньюкукын бунхант энэ булш дурсгал нь Түрэгийн язгууртны нэрд гарсан иж бүрэн дурсгалын нэг бөгөөд түүнд багтах гэрэлт хөшөөний Орхон, Енисейн бичээс дэлхийд нэрд гарсан цөөн тооны бичиг дурсгалын нэгд тооцогддог.

Гэрэлт хөшөө нь 2 чулуун дээр нийт 8 талд нь 62 мөр бичээстэй бөгөөд тухайн үеийн Түрэгийн нийгмийн байдлыг Тоньюкукын намтартай холбогдуулан бичсэн агуулгатай.

Энэ дурсгалыг анх 1897 онд Оросын судлаач Е.Н.Клеменц олж булшин дээрх гэрэлт хөшөөний бичээсийг цаасаар хэв авч гэрэл зураг татсан байдаг.

Бүрхийн дөрвөлжин хотын туурь \Хараалчийн хэрэм\

Төв аймгийн Мөнгөнморьт сум Хэрлэн голын цутгал зүүн Бүрхийн голын баруун хөвөөнд оршдог, “Хараалчийн хэрэм” хэмээн домоглож нэрлэдэг. Бүрхийн дөрвөлжин бол 4 тал шороон хэрмийн ор юм. Хэмжээ нь 18*30м, 29*29м хэмжээтэй хоёр барилгын ор бий.

Тэнд хийсэн 5 малтлагаар барилгын дээврийн ваарны хагархай садармал хээтэй дөрвөлжин тоосго олдсон бөгөөд үүгээр нь Гуа дов, Тэрэлжийн дөрвөлжин зэрэг Хүннүгийн үеийн хэрэмтэй нэг цаг үеийнх гэж эрдэмтэд үздэг.

Их хөшөөт буюу Кулчурын гэрэлт хөшөө, цогцолбор дурсгал

Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг, сумын төвөөс зүүн хойш 40-өөд км-т энэ дурсгал бий. Уг дурсгал нь 53*35м хэмжээтэй гонзгой дөрвөлжин шороон хэрмээр хүрээлэгдсэн тахил шүтээний томхон цогцолбор юм.

tuw aimag

Их хөшөөтийн дурсгалыг 1912 онд эрдэмтэн В.Л.Котвич илрүүлэн судалснаас хойш судлаачид нэг бус удаа нарийвчлан шинжилж зарим нь бага хэмжээгээр малтлага хийжээ.

Дурсгалын гэрэлт хөшөөний бичээсийг тайлан уншсан эрдэмтдийн үзэж буйгаар уг цогцолборыг 740-өөд оны Түрэгийн цэргийн нэрт жанжин Кулчурын дурсгалд зориулан босгосон бөгөөд гэрэлт хөшөөнд түүний хийсэн аян дайн, баатарлаг үйлсийг тэмдэглэн бичиж мөнхөлсөн хэмээн судлаачид үздэг байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн