Улаанбаатарт газар хөдөллөө

Өнгөрсөн шөнө /2019-01-26/ Улаанбаатар хотод газар хөдлөлт болж, хүчтэй дуу чимээ сонссон талаар иргэд мэдээллээ.

Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс тодрууллаа.  Тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Дагзэнмаа:

Улаанбаатарын цагаар өчигдөр 01:32 цагт Их тэнгэрийн амнаас хойш, Сүхбаатарын талбайгаас чанх урагш 10 км-т 2.5 магнитудын газар хөдлөлт болсон. 

Их тэнгэр, Зайсан орчимд амьдардаг хүмүүст илүү мэдрэгдсэн байх.  Чичирхийлэл мэдрэгдэж, хүчтэй дуу чимээ сонсогдсон гэсэн мэдээллийг иргэд өгч байгаа. Бид газар хөдлөлтийн тухай мэдээллийг ОБЕГ-т өгсөн” гэлээ.

Нийслэл хотын хувьд газар хөдлөлтийн идэвхитэй бүсэд хамаардаг болохыг албаныхан тайлбарладаг.  Тодруулбал өнгөрсөн оны 11 сарын байдлаар Улаанбаатар орчимд 873 удаа газар хөдөлсөн бөгөөд энэ нь 2017 онтой харьцуулахад 200 орчмоор өссөн үзүүлэлт юм.

Газар хөдлөлтийн гол идэвхжилт нь Эмээлт, Хустай, Авдар уулын хагарлын дагуу явагдаж байгаагаас гадна Мөнгөнморьтын хагарал, Зүүнхараа орчим идэвхжилт өмнөх жилүүдээс харьцангуй илүү байгаа нь ажиглагджээ.

Дээрх хагарлууд нь 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтөөс үүссэн бөгөөд үүнд нарийвчилсан судалгаа хийх замаар Улаанбаатарт учирч болзошгүй гамшиг, аюулыг дахин үнэлэх шаардлагатай гэж эрдэмтэд, судлаачид дүгнэсэн байдаг.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн