Холын зайн эргүүлийг анх удаа дугуйтай гүйцэтгэв

НҮБ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны VIII ээлжийн захирагч, хурандаа Д.Жавхланбаяраар ахлуулсан гурван эрэгтэй, хоёр эмэгтэй цэргийн алба хаагчийн бүлэг “Хубилай” баазаас “Эко”, “Арвай”, “Дельта” баазуудын чиглэлд холын зайн эргүүлийг анх удаа дугуйтай гүйцэтгэлээ.

Энхийг сахиулах ажиллагаанд холын зайн эргүүлийг анх удаа UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гүйцэтгэсэн бөгөөд байгаль, цаг уурын хүнд нөхцөлд 400 гаруй километр газрыг дөрвөн хоногийн хугацаанд туулсан аж.

“Монгол Улс, Зэвсэгт хүчнээ сурталчлах, БНӨСУ-д энх тайван цаг ирж байгааг орон нутгийн иргэдэд илтгэн таниулах, нийтийн биeийн тамирын спортыг сурталчлах, орон нутгийн иргэдийг спортоор хичээллэхийг уриалах, иргэн цэргийн ажиллагааг бэхжүүлэх, батальоны цэргийн алба хаагчдын сэтгэл санааг өргөх болон шинэ Хүчний командлагчийн ажиллагааны бодлогыг хэрэгжүүлэх зорилготой дээрх ажлын хүрээнд Бeнтью-Парианг-Жам Жанг, Жан Жанг-Парианг-Бeнтью гэсэн холын зайн чиглэлд дугуйтай эргүүл хийжээ.

UNMISS ажиллагааны Хүчний командлагч, дэслэгч генерал Шайлеш Тинайкар өнгөрсөн сард “Бентью” хотын “Хубилай” баазад ажлын айлчлал хийх үедээ “Цэргийн багууд аль болох НҮБ-ын бааз, Дотоодын дүрвэгсдийн хуарангаас гадагш гарч үүрэг гүйцэтгэх, ялангуяа нутгийн иргэдтэй илүү ойр дотно харилцаа үүсгэж тэдний үзэл бодол, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж мэдээлэл цуглуулах, тэдэнд энхийг сахиулагчдын үүрэг гүйцэтгэл, бүх төрлийн эргүүлийн үндсэн зорилгын талаар тайлбарлан таниулах замаар эерэг сэтгэгдэл төрүүлж, тайван амгалан цаг ирж байгааг сайтар ойлгуулах хэрэгтэй” гэсэн байдаг.

Дугуйтай эргүүлийн бэлтгэл ажлыг өнгөрсөн сараас эхлэн зохион байгуулсан бөгөөд НҮБ-ын мужийн зохицуулагч Хироко Хирохара, Хойд секторын тэргүүний штабын зүгээс баяртайгаар хүлээн авч, үүрэг гүйцэтгэлтэд дэмжлэг үзүүлсэн бөгөөд батальоны удирдлага, штаб энэхүү дугуйтай эргүүлийн явцад олж авсан дадлага, туршлагадаа үндэслэн бие бүрэлдэхүүнээс сайн дурын үндсэн дээр дараагийн дугуйтай эргүүлийн үүргийг гүйцэтгэх эрэгтэй, эмэгтэй цэргийн алба хаагчдыг сонгон, бэлтгэл ханган ажиллаж байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн