ЭЕШ-ыг шууд дамжуулахад зургаан сая төгрөг зарцуулжээ

~ЭЕШ-ыг шууд дамжуулахад зургаан сая төгрөг зарцуулжээ~

Орхон аймаг Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн мэдээг улсад анх удаа шууд мэдээлж ажиллалаа. Үүнийг Боловсролын Үнэлгээний төв, аймгийн ЗДТГ, БСУГ, Тагнуулын албатай хамтран зохион байгуулсан юм.

Тодруулбал “Баян-Өндөр” цогцолбор сургуулийн 40 ангид суурилуулсан хяналтын камерийг гадаах дэлгэцийн камертайгаа холбож шалгалт дууссаны дараа уг дэлгэцээр хариуг нь шууд мэдээлсэн байна. Ингэхдээ сурагч бүрийн бүртгэлийн кодоор хариуг нь мэдээлжээ. Шалгалт дуусаад 1-2 минутын дараа сурагчид дүнгээ мэдсэн гэсэн үг юм. Нийт 10 хичээлийн шалгалтын хариуг дэлгэцээр шууд мэдээлсэн гэж БСУГ-ын мэргэжилтэн Б.Мөнхзул хэллээ.

ЭЕШ-ын хариуг дэлгэцээр шууд мэдээлэхдээ, зөвхөн тухайн хичээлийн хариуг нь гаргасан байна. Өөрөөр хэлбэл, физикийн шалгалт өгөхөд нийт 100 оноо авах ёстой бол үүнээс 80 оноо авсан гэдэг нь харагдах болохоос биш их, дээд сургуульд орох босго 400 онооноос их, бага авсан гэдгээ мэдэх боломжгүй гэсэн үг юм. Харин улсын хэмжээнд бүх дүн гарсаны дараа сурагчид бүртгэлийн кодоороо дамжуулж цахимаар мэдэж болох ажээ.

Түүнчлэн монгол хэлний шалгалтын хариуг дэлгэцээр шууд мэдээлээгүй байна. Учир нь уг шалгалт нь бичих даалгавар олонтой тул машинаар хариуг нь гаргах боломжгүй учир үүнийг Боловсролын Үнэлгээний төв рүү явуулсан байна. Нийт дүн ирэх сарын эхээр гарна.
Дашрамд дурдахад, өнгөрсөн дөрөвдүгээр сард Орхон аймагт зохион байгуулагдсан “Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн улсын олимпиад”-ийн үеэр шалгалтын хариуг 5 минутын дараа шууд дэлгэцээр харуулж байсан туршлагыг үндэслэж энэ удаа ийнхүү ажиллажээ.

Шалгалтын хариуг шууд мэдээлэхийн тулд шаардлагатай тоног, төхөөрөмж, техникийн шинэчлэлийг орон нутгаас шийдвэрлэж зургаан сая төгрөг зарцуулсан байна.

Tags :

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн