Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян өрнүүлнэ

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зорилгоор мэдээлэл заавар зөвлөгөө өгөх сургалт, семенар боллоо. Тус сургалтыг гэр хорооллын айл өрхийн иргэдийн ханан пийшин, зуухны бүрэн бүтэн байдлыг хангах, угаарын хийн хордлого болон болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулж байна.

Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал сургалтыг нээж хэлсэн үгэндээ, Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан нь бодит үр дүнд хүрч агаарын бохирдол өнгөрсөн 2018-2019 онд 51 хувиар буурсан үзүүлэлт гарч чадсан гэдгийг онцлон хэлсэн юм. Агаарын бохирдол буурахад иргэн бүрийн оролцоо дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нэгдэж ажилласан хүчин чармайлт ихээхэн нөлөөлсөн гэдгийг ч мөн тодотгон хэлж байв.

~Өвөлжилтийн бэлтгэл хангах нэг сарын аян өрнүүлнэ~

Нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, эрсдлүүдийг бууруулах чиглэлээр энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 15-ны өдөр хүртэл нэг сарын аян өрнүүлж, өнгөрсөн жилийн алдаа дутагдлыг давтахгүйгээр хүчээ нэгтгэн ажиллахыг уриалсан юм. Түүнчлэн өнгөрсөн жилийн хувьд агаарын бохирдлыг бууруулахаар үе шаттай хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг дэлгэрэнгүй танилцууллаа. Тус сургалтаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах болон зуухны стандартыг хангах” нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга Э.Эрдэнэбаатар “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, галын аюулгүй байдлын талаар жишээнд суурилсан зөвлөгөө өгөх” гэх зэрэг мэдээ мэдээллийг өглөө. Энэ жилийн хувьд сайжруулсан түлшний 800-1000 борлуулалтын цэг ажиллах бөгөөд дүүрэг бүрт 60 мянган тонн түлш нөөцлөхөөр ажиллаж байгаа аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн