Монголын “The Hu” хамтлагийн “Чонон сүлд” БИЛЛБОРДЫГ тэргүүллээ

“Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдсэнийг ч бид дуулгасан.

Тэгвэл тус  хамтлагийн “Wolf Totem” буюу “Чонон сүлд” дуу нь  Биллбордын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долоодугаар байрт бичигджээ. Өнгөрөгч долоо хоногт “Wolf Totem” дууны таталт 1056 хувиар өсөж, нийт 6000 удаа татагдсан байна.

Ингэснээр тус хамтлагийн дуу Леди Гага /Lady Gaga/-ийн “Always remember us this way”, Күин /Queen/ хамтлагийн “Bohemian Rhapsody” зэрэг хит дуунуудыг тэргүүлсэн гэсэн үг юм.  “The HU” нь 2018 онд байгуулагдсан ба хамтлагийн нэр нь “хүн” гэсэн Англи үгээс үүсэлтэй аж. Тэдний гаргасан хоёр уран бүтээл “YouTube”-д дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийг байлдан дагуулж, “Yuve Yuve Yu” дуу 13 сая , “Wolf Totem” дуу нь 8,4 сая хандалт аваад байна.

Хамтлагийн продюсерээр Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин, продюсер Б.Дашдондог ажиллаж буй бөгөөд “The HU” хамтлаг Ц.Галбадрах, Б.Энхсайхан, Г.Нямжанцан, Н.Тэмүүлэн гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй аж.

 

 

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн