Томуугын Олон улсын 13-р зөвлөгөөн Монголд болж байна

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж буй “Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн” өнөөдөр /2019-08-21/ эхэллээ.

Манай улсад анх удаа зохиогдож байгаа уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсын халдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цар тахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцож байна.

Мөн хүйтний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар зөвлөмж гарах юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ Дэлхий дахиныг хамарсан 1918 оны томуугийн цар тахлаас хойш 100 гаруй жил өнгөрсөн байна. Энэ хугацаанд цар тахлын 3 удаагийн дэгдэлт гарч 55 сая гаруй хүний амь насыг авч одсоныг бид мартах ёсгүй.

~Томуугын Олон улсын 13-р зөвлөгөөн Монголд болж байна~

Даяаршлын өнөө үед өвчин үүсгэгч вирус нэг төрөл зүйлээс нөгөө рүү дамжиж урьд өмнө нь хэзээ ч байгаагүй шинэ вирусийг үүсгэн асар хурдацтай тархах эрсдэлтэй байгаа энэ үед улс орнууд болзошгүй аюулын үед бэлэн байж, харилцан мэдээллээ шуурхай солилцон, хамтран ажиллах шаардлагатай юм. Ийм ч учраас уг зөвлөгөөнөөр томуугийн вирусийн онцлог, улс, орнуудын томуугийн өвчлөл, тандалт, хариу арга хэмжээ, лабораторийн оношилгоо, дархлаажуулалт, цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний үнэлгээ, ДЭМБ-ын 2 бүсийн цаашдын арга хэмжээний чиглэлийг хэлэлцэх юм. хэмээн онцоллоо.

Уур амьсгалын өөрчлөлт, даяаршил, хотжил, хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн өнөө үед томуугийн халдвар хил хязгааргүй дамжин тархах болсон. Тухайлбал, 2009 онд өмнө нь хүнд оношлогдож байгаагүй томуугийн A(H1N1) хэв шинжийн шинэ вирусээр сэдээгдсэн халдвар анх бүртгэгдсэнээс хойш 3 хүрэхгүй сарын дотор цар тахлын хэмжээнд хүрч дэлхийн 100 гаруй улс, орныг хамарсан удаатай.

Иймээс томуу, томуугийн цар тахлаас сэргийлэх арга хэмжээг ДЭМБ төдийгүй улс орнууд хамтран зохион байгуулж, ихээхэн анхаарал хандуулах болсны нэг илрэл нь энэхүү олон улсын арга хэмжээ юм.

Tags :

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн