aurag-khot

Аваргын балгас буюу АУРУГ ордны нууц

Эзэнт гүрний үеэс монголчууд хэд хэдэн нийслэлтэй байсан бөгөөд түлхүү Хархүрэм буюу Хар Хорумыг бид дурддаг. Тэрнээс өмнө Тэмүжинг Хамаг Монголын хаан ширээнд суух үеэс хөгжиж ирсэн Чингисийн Их Орд Ауруг хэмээх нийслэл байсныг бид төдийлөн мэддэггүй. Түүх сөхвөөс Чингис хаан 1220 онд их хуралдайгаар Их Монгол улсын нийслэлийг Ауруг ордноос Хархүрэм хот руу шилжүүлэх шийдвэр гаргасан байдаг.

Тэгэхээр энэ Ауруг хэмээх орд нь юуг өгүүлнэ вэ?

Ауруг нь Чингис хааны дөрвөн ордоны нэг бөгөөд анхны суурин хэлбэрийн нийслэл болон хөгжиж байсан хот юм. Чингис хааны ордуудаас хамгийн нэр хүндтэй орд байсан бөгөөд захирагдаж байсан улс орнуудаас алба татварт өргөсөн аливаа хүнс, эд агуурс барааг хадгалдаг байсан Их Монгол улсын эрдэнэс, хөрөнгийн сан гэж хэлж болохуйц газар юм. Мөн анхны нийслэл хэмээн олон судлаачид нотлон хэлдэг.

Эхэндээ нүүдэллэж байсан тус орд Хэрлэнгийн хөдөө аралд Аураг рашааны хойхон талд Рашаан дэрсний ухаа хэмээх газар сууршиж 1189 оноос хойш гуч гаруй жилийн туршид онцгой байр суурийг эзлэж байсан ажээ.

Их эрдэмтэн Ц.Дамдинсүрэн “Монголын нууц товчоо”-г эртний монгол хэлнээс орчин цагийн Монгол хэлнээ буулгаж хэвлүүлэхдээ өмнөтгөлд нь эртний Хөдөө арал, Ауруг ордын тухай онцгойлон тэмдэглэн үлдээсэн байдаг.

Хэрлэнгийн хөдөө арал нь Хэрлэн мөрөн Хэнтий ханаас эх авч урсаад зүүн тийш эргэсэн их тохойд оршино. Зүүн талаараа Цэнхэрийн гол, хойд талаараа Ар цэнхэрийн усаар /Сэнгүр горхи / хязгаарлагдсан хээрийн бүс нутаг. Тус нутаг нь монгол төрийн голомт бөгөөд үе үеийн хаад энд хаан ширээнээ заларч, удаа дараа Их хуралдай чуулж төрийн хэргийг хэлэлцэн, хааны их орд, хожим хаадын онгон шүтээний төв удаан хугацаагаар төвлөрч байжээ.

Хот байгуулалт: 

Аваргын балгас

Хэрлэнгийн хөдөө арал дахь Аваргын балгас

Аваргын балгас /Ауруг нь сунжраад Аварга болсон/ туурийг малтахад Ауруг Орд нь дөрвөн хэсгээс бүрддэг байжээ. Нийт талбай нь 4,5 ам дөрвөлжин.

Өнөөгийн Аваргын туурь гэх болсон газрыг 1969 онд археологич Х. Пэрлээ гуай малтаж үзээд XIII зууны үеийн хот хэмээгээд Чингисийн Их Ауруг Ордны үлдэгдэл мөн гэж үзсэн байдаг.

Ауруг нь гар урлал, тариалангийн хороолол, шүтээний сүм, хэрэм бүхий орд харш гээд дөрвөн хэсэг бүхий суурин байжээ. Гар урлалын хороолол нь хотын зүүн хэсгээр байрлаж байсан бол хотын төв хэсэгт хааны шүтээний ордон байсан ажээ. Судалгаагаар хотод нийтдээ 13 хэрэмт барилгын үлдэгдэл олджээ.

Их Ауруг нь Чингис хааны ан хомрог, дайн тулаанд мордохдоо орд гэр, мал сүрэг, өтгөс хөгшид, эд агуурс, эмс хүүхдээ итгэмжит нэгэн ноёндоо захируулан үлдээдэг, түргэн сэлгэж нүүх чадалтай нүүдлийн их хөдөлгөөнт ордон байж байгаад сүүлд суурьшсан байдаг.

Их Ауруг ордыг Бөртэ хатан захирч байсан тухай судлаачид мөн нотлон өгүүлдэг. Тус орд нь нь тухайн үеийн цэрэг, улстөрийн үйл ажиллагааг удирдан явуулах, жижиг үйлдвэрлэл хөгжих, худалдаа хийх, соёл урлаг хөгжих томоохон төв болоод байв.

Монголын нууц товчоо ба Их Ауруг Орд: 

mongoliin nuuts towchoo

Нууц товчооны эцсийн 282-р зүйлд уг хотын тухай тодорхой мэдээ бий

Монголын нууц товчоонд Ауруг Ордын тухай багагүй дурьдагддаг. Сонирхолтой нь Их Ауруг Орд ба Монголын нууц товчоо ихэд нандин холбоотой.

Нууц товчооны эцсийн 282-р зүйлд уг зохиолыг хэдийд, хаана бичсэн тухай тодорхой мэдээ бий. “Их хуралдаа хурж хулгана жил хуран сард Хэрлэний Хөдөө аралын Долоон болдог Шилгэнцэг хоёрын завсар ордос бууж бүхүй бичиж дуусав” гэжээ. Энэ дурдсан хулгана жил бол 1240 он мөн болохыг эрдэмтэд нэгэнт олж тогтоосон.  Ийнхүү Хэрлэнгийн хөдөө аралд Ауругын ойролцоо бичиж дуусгасан байдаг.

Эцэст нь Чингисийн Ауруг Орд болон Хэрлэнгийн хөдөө аралд Монголын Хаад хаан ширээнээ заларч, эгнэгт төрийн орчил Их хуралдай чуулж, Дэлхийн эзэнт гүрний бичээс “Монголын нууц товчоо” бүтээгдэж, хаадын их онгон шүтээний төв оршин байсан тухай гайхамшигт түүх алтан үсгээр бичигдэн үлдэж Мөнхөд дуурьсагдан нэр нь түгэх учиртай Өндөр дээд өвөг дээдсийн ариун дагшин их хот ажээ.

Аргагүй л их түүхийн гэрч нь байж Хамаг Монгол улсыг нэгэн дээвэр дор нэгтгэж Эзэнт гүрний суурийг тавилцсан Их нийслэл үнэт эрдэнэ мэт хот байжээ.

Leave a Reply