АНУ-ын Техас мужийн Райс их сургуулийн эрдэмтэд амьдрал бүрдүүлэгч элементүүд сансар огторгуйгаас дэлхийд ирэх маш олон тооны хувилбар боломжийг компьютер загварчлалын аргаар судлаад сонирхолтой дүгнэлтэд хүрсэн байна.
Тэдний дүгнэлтээр:
4.4 тэрбум жилийн өмнө залуухан дэлхийтэй Ангарагийн хэмжээтэй тэнэмэл гараг мөргөлджээ. Мөргөлдөөний улмаас их хэмжээний чулуулаг дэлхийгээс сансрын уудамд цацагдсан нь сүүлдээ бөөгнөрч сарыг үүсгэсэн байна.
Харин мөргөлдсөн гарагийн гадаргаас нүүрстөрөгч, азот зэрэг амьдрал бүрдүүлэгч элементүүд дэлхийд наалдаж үлджээ.
Эрдэмтэд ингэхдээ дэлхийтэй мөргөлдсөн гарагийн цөмийг зохиомлоор бий болгож, тэнд явагдах геохимийн урвалыг үүсгэн туршсан байна. Эндээс харвал хүхэрээр баялаг цөмтэй гарагийн гадаргуу дээр нүүрстөрөгч, азот их хэмжээтэй байх дүгнэлт гарсан гэнэ.
Яг ийм бүтэцтэй гараг манай дэлхийтэй мөргөлдвөл амьдрал үүсгэх хэмжээний чухал элементүүдийг дэлхийн гадаргууд буулгаж чадна гэж тооцжээ.
“Манай дэлхий шиг чулуурхаг бүтэцтэй гараг өөрөөсөө тэс өөр бүтэцтэй гарагтай харилцан нөлөөнд орж байж амьдрал бүрдүүлэгч элементүүдийг олж авах магадлал хамгийн өндөр гэдгийг энэ судалгаа харууллаа” гэж эрдэмтдийн нэг Раждэп Дасгупта тайлбарласан байна.
Судалгааны тайлан “Science Advances” сэтгүүлд нийтлэгджээ.