muur

Тэжээвэр муурынхаа талаар хэр ихийг мэдэх вэ?

Муур дэлхий дээр хамгийн түгээмэл гэрийн тэжээмэл амьтны тоонд зүй ёсоор багтана. Муурыг шүтээнээ болгосон Эртний Египетэд муурыг анх гэршүүлсэн гэж үздэг байсан ч 2007 оны судалгаагаар МЭӨ 8000 жилийн өмнө Ойрхи Дорнодод гэршсэн тав хүртэл тооны Африкийн цоохондойгоос гаралтайг тогтоожээ.

Муур маш уян хатан тул толгойнхоо эргэн тойрноос бусад бараг бүх биеийнхээ хэсгийг долоож чадна. Мөн өндөр үсрэх чадвар сайн бөгөөд биеийн өндрөөсөө 5 дахин илүү буюу 1.5 метр орчим үсэрч чаддаг. Цагт 60 км орчим хурдлах чадвартай хэмээгдэх ба эгшин зуур богино зайд өндөр хурд гаргах боловч хол давхихгүй.

Нүүрнийх нь хэмжээтэй харьцуулахад нилээн том нүдтэй. Харааны хувьд хөдөлгөөнт зүйлийг олж тогтоохдоо тун сайн ч, хөдөлгөөнгүй болон удаан хөдөлж буй зүйлийг олж харахдаа тийм ч сайн биш. 2-6 метр доторхийг тод сайн харна. Түүнээс ойр, эсвэл хол зүйлийг харахдаа тааруухан.

~Тэжээвэр муурынхаа талаар хэр ихийг мэдэх вэ?~

Хүүхэн хараа нь хүнийхээс өөр, босоо нарийн байдаг нь хэмжээгээ хурдан өөрчлөхөд давуу талтай аж. Гэгээтэй газар нарийн босоо, бүдэг харанхуй орчинд хүүхэн хараа нь нүд дүүрэн нээгдэж гэрлийн нүдэнд тусах хэмжээг ихэсгэснээр сайн хардаг. Муур хэдийгээр хөх, улаан, ногоон өнгийг ялгах боловч улаан өнгийг бүдэг ягаан болгож хардаг байна. Ерөнхийдөө юмс үзэгдлийг хар, цагаанаар харна.

Бусад амьтадтай харьцуулахад хамар нь гоц сайн гэж ялгарах зүйлгүй ч үнэрлэх чадвар хүнээс хэдэн арван мянга дахин өндөр. Мууранд “хамрын хээ” гэж байдаг. Энэ нь хүнийхээр бол хурууны хээтэй адил бөгөөд муур болгоных өөр юм. Нохой шиг үнэрлэх чадвараа ашиглан ан хийх нь бараг үгүй. Муур нь хамраа өөрийн эзэмшил газраа шалгах болон идэж болох зүйл мөн, бишийг ялгахад ашигладаг.

Таны муур 3 настай бол хүнийхээр 30 настай гэсэн үг. Муур 8 настай бол хүнийхээр 50. 14 настай бол хүнийхээр 72 настайд тооцогдоно. Муурын насыг хүний настай харьцуулсан үзүүлэлтийг танд сонирхуулъя.

Leave a Reply