Аугаа их эх орны дайнд Сэлэнгэ нутгаас оролцсон Зөвлөлтийн дайчдад зориулан босгосон хөшөө Алтанбулаг сумын нутагт байрладгийг хүмүүс андахгүй мэднэ. Тэгвэл энэхүү түүхэн хөшөө удахүй болох Ялалтын баярын өмнөхөн бууриа сэлгэж, тус суманд орших Сэлэнгэ аймгийн нэгдсэн музейн хашаанд нүүн очжээ.
Ийнхүү уг хөшөө нь Сэлэнгэ аймгийн ИТХ-ын шийдвэрээр улсын хамгаалалт бүхий газарт бууриа сэлгэсэн нь орон нутагт аялал жуулчлалын чухал цогцолборууд цогц байдлаар таатай хөгжих бололцоог бүрдүүлж байна хэмээн нутгийн ахмадууд талархан дэмжиж байгаа ажээ.
Өнө эртний түүхт мөнхийн хөрш Монгол-Оросын иргэд, ахмад дайчид жил бүрийн Ялалтын баярын өдрөөр тус хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Бууриа сэлгэсэн шинэхэн хөшөөний нээлт ирэх даваа гарагт болох гэнэ. Энэхүү хөшөөний нүүдлийн ажлыг Ч.Дэмбэрэлсайхан ахлагчтай “Сэлэнгэ ундрам” ХХК-ийн хамт олон хийж байгаа ажээ.