Төвдийн Буддын шашны тэргүүн арвандөрөвдүгээр Далай ламын бие чилээрхэж эмнэлэгт хэвтсэнийг түүний хувийн туслах өчигдөр мэдээлжээ.
83 настай шашны тэргүүнийг Дарамсала дахь өргөөнөөс нь Шинэ Дели хотод хүргэж эмнэлэгт үзүүлэхэд уушгины хатгалгаа туссан нь оношлогдож, хоёроос гурав хоног хэвтэж эмчлүүлэхээр болсныг туслах Тэнзин Такла хэвлэлд ярьсан байна.
Одоогоор Далай ламын биеийн байдал тогтвортой байгааг тэр мөн хэлжээ. Өнгөрсөн сард Далай ламын 1959 онд Хятадын дэглэмээс зугтаж Энэтхэгт ирж, суурьшсаны 60 жилийн ой тохиосон юм.
Одоо түүний амьдардаг Дарамсалад 100,000 орчим төвд хүн амьдардаг. Өндөр настай шашны тэргүүнийг жанч халахад залгамжалгчийг нь хэрхэн тодруулах асуудал одоо ид яригдаж байгаа. Үүнд арвантавдугаар Далай ламыг тодруулахгүйгээр залгамжлалыг нь зогсоох хувилбар хүртэл яригдаж байна.
Далай ламыг “аюултай салан тусгаарлагч” гэж үздэг Бээжингийн эрх баригчид түүний хойд дүрийг өөрсдөө тодруулж, төвдүүдийн дунд нөлөөгөө нэмэгдүүлэх магадлалтай байгаа юм.