Үзэгчидтэй хамт баяраа тэмдэглэсэн хэргээр шийтгэлээ

Хаврын тэмцээнд өвдөг шороодолгүй түрүүлээд ярилцлага өгөхдөө сумо бөхийн өргөөнд байсан үзэгчдийг алга ташин, уухайлуулсан их аварга Хакүход шийтгэл оноохыг Сүмо бөхийн холбооны Ёкозүнагийн зөвлөлөөс холбоонд үүрэг болгосон билээ.

Ёкозүнагийн тэргүүн Яно Хиронори “Хэчнээн ёкозүна цолтой байлаа гээд жирийн нэг сүмо бөх. Сүмо бөх ийм ёслолыг хийх ёсгүй” гэж хэлсэн юм. Сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс их аварга Хакүхо, ояката Миягино нарыг Осака хотоос Токиод дуудан авчирч, асуудлыг тодруулсан байна.

Хакүхо “Хэйсэй эриний сүүлийн башё тул үзэгчидтэй хамт тэмдэглэх гэж бодсон” гээд уучлал гуйжээ. Гэвч одоохондоо түүнд ямар шийтгэл оноох талаар шийдвэр гарсангүй. Хэргийг холбооны дотоод журам хариуцсан албанд хариуцуулж, шалгах үүрэг өгсөн байна. Уламжлал, ёс заншлаа хадгалан, хамгаалахын тулд зүгээр орхиж болохгүй үйлдэл гэж холбооноос үзсэн тул Хакүход сахилгын арга хэмжээ авах нь тодорхой болжээ.

Их аварга 2017 оны 11 дүгээр сарын тэмцээнд түрүүлснийхээ дараа ярилцлага дээр “Харүмафүжи, Таканоива нарыг дахин дохён дээр гаргахыг хүсч байна” гэж хэлээд үзэгчдийг уухайлуулсан хэргээр шийтгүүлж байв.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн