Ховд аймгийн ЗДТГ, Жаргалант сумын ЗДТГ, Хөгжимт драмын театр хамтран “Алтан өв” бий биелгээний гуравдугаар наадам зохион байгууллаа.
Тус наадмыг бийч, бүжиг дэглээч МУГЖ Б.Дугараагийн нэрэмжит болгон зохион байгуулснаараа онцлог юм.
Энэхүү наадмыг гоцлол болон хамтлаг бүжиг гэсэн хоёр төрлөөр явуулсан бөгөөд нийт 70 гоцлол бүжигчин, 30 гаруй хамтлаг бүжигчин оролцож, захчин, мянгад, торгууд, урианхай, дөрвөд зэрэг ойрад угсаатны язгуур бий биелгээ бүжиглэж, өв соёлоо сурталчлав.
Үүний дараагаар тус наадмын оролцогчид нь соёлын өв тээгч, ардын авьяастнуудын төлөөлөл 1000 гаруй бий биелээчтэй хамтран олон үндэстэн угсаатны хувцас хэрэглэл, гоёл зүйсгэлээ өмсөж, аймгийн төв талбайд нэгэн зэрэг бий биелгээ бүжиглэсэн нь энэ удаагийн наадмын бас нэгэн онцлог, бахархал байлаа.
Ховд аймгийн 17 суманд алтайн урианхай, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, халх, хошууд, казах, тува зэрэг 10 гаруй угсаатны бүлгүүд аж төрж байна. Эдгээр нь өөрийн гэсэн нутгийн аялгуу, зан заншил, түүх соёлын өвөрмөц онцлогтой билээ. Тиймээс Баруун Монголын язгуур урлаг, түүх соёлыг хадгалан хамгаалах, залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхэд “Алтан өв” бие биелгээний наадам нь чухал ач холбогдолтой бөгөөд өмнө нь 2015, 2017 онд зохион байгуулж байжээ.