Арвандолдугаар зуунд дэлхий даяар цаг уур сэрүүсэх үзэгдэл тохиолдсоныг түүхэнд “бага мөстлөгийн үе” гэж нэрлэдэг байна.
Энэ үзэгдлийн учир шалтгааныг эрдэмтэд олон янзаар тайлбарлах гэж оролдсон байдаг. Тэгвэл Их Британий UCL /University College London/ сургуулийн судлаачдын баг нэгэн сонирхолтой дүгнэлтийг гаргажээ.
Тэдний дүгнэснээр Америк тивийг Европчууд нээж, уугуул хүн амын ихэнх хэсгийг устгасан нь цаг уур сэрүүсэхэд нөлөөлсөн байна.
1492 онд анхны Европчуудыг Америкт ирэхэд энэ тивд 60.5 сая орчим хүн амьдарч байжээ. Үүнээс зуу гаруй жилийн дараа 1600 он болоход тэдний 95 хувь буюу 56 сая нь хядлага, боолчлол, халдварт өвчний улмаас үхэж үрэгдсэн байна.
Улмаар тухайн үед газар тариаланд ашиглагдаж байсан 55.8 сая гектар газар ой шугуйд эзлэгдэж, зэрлэгшсэн нь нийтдээ 7.4 пентаграм нүүрстөрөгчийн хийг өөртөө шингээсэн байна. Нэг пентаграм нүүрстөрөгч нь нэг тэрбум тонн хэмжээтэй тэнцүү гэсэн үг юм.
Өөрөөр хэлбэл хаягдаж зэрлэгшсэн тариалангийн талбайд ургасан ой шугуй нь агаар мандлаас ийм их хэмжээний хүлэмжийн хийг сорж, шингээсэн нь сэрүүсэх нөхцлийг бүрдүүлжээ.
“Аж үйлдвэржилтийн хувьсгалаас хоёр зууны өмнө хүний үйл ажиллагааны нөлөөгөөр цаг уур өөрчлөгдөж байжээ” гэж судалгааны тайланд дүгнэсэн байна.
Тайлан өнгөрсөн долоо хоногт “Quaternary Science Reviews” сэтгүүлд нийтлэгджээ.