Арабын Шейхуудын захиалан хийлгэсэн машин

Дэлхийд цөөн үйлдвэрлэгдсэн, ховор нандин автомашин цуглуулагч Арабын Шейх Хамад бин Хамдана аль Нахайян өөрийн хүсэлтээр аварга том автомашиныг захиалан бүтээлгэсэн юм. “Dhabiyan” нэртэй энэ автомашиныг Дубайн инженерүүд зохион бүтээж, угсарсан юм байна.

Анхны сэтгэгдлээр бол энэ автомашин холливүүдийн ”Трансформерс” уран зөгнөлт кинон дээр гардаг шиг сүрдэм хийц загвартай болж өгсөн. Бүхэл бүтэн 10 ширхэг том дугуй нь ямар хурц үзүүртэй хад чулууг үл тоох боломжтойгоос гадна байгалийн ямар ч үзэгдэлтэй үед үл зогсон урагшлах чадалтай. Энэ автомашин үндсэн гурван хэсгээс бүрдэж байгаа. Урд талын хэсэг нь 1940-өөд оны үеийн ачааны автомашины эд ангийг ашигласан бол жолоочийн бүхээгний хэсэг нь орчин үеийн “Jeep Wrangler Unlimited” машиныхтай төстэй, харин урд талын гэрэл нь Ford Super Duty загварынх бол арын гэрэл нь Dodge Dart загварын автомашиныг санагдуулам болж өгсөн.

Нийтдээ 10,8 метрийн урттай бараг л автобус гэсэн үг, өргөн нь 2,5 метр, өндөр нь 3,2 метр. 24 тонн жинтэй “Dhabiyan” нэртэй автомашиныг жинхэнэ араатан гэж нэрлэхэд зохимжтой байх. Техникийн үзүүлэлтийн талаар гэхэд 15,2 литрийн багтаамжтай, усан хөргүүрийн системтэй 6 цилиндртэй 600 морины хүчин чадалтай хүчирхэг хөдөлгүүртэй. Өнөөдрийн байдлаар тус автомашин АНЭУ-ын Шаржа хотын Аль-Мадамын бартаат замын түүхэн автомашинуудын музейд олны хүртээл болон байршиж байгаа.

Ийм том хэмжээний автомашины үнэ өртгийн талаарх мэдээлэл нууц хэвээр байгаа юм байна.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн