Аригбөхийг их хаан хэмээн өргөмжилж, түүний овгийн тамгыг сийлсэн мөнгөн зоосыг Батын дүү Бэрх Алтан ордны хаанаар сууж байхдаа 1260 онд Булгар хотод бүтээжээ.
“Ar dirham of Arigbuqa” хэмээн алдаршсан энэхүү зоос нь 0.7 грамм, 16 мм голчтой.
Аригбөхийн нэр болон овгийн тамгатай зоос Алтан ордны улсад 1260-1264 онд гүйлгээнд гарсан нь тухайн үед ах Хубилайтай хаан ширээ булаалдан тэмцэлдэж байсан Аригбөхийг Бэрх хаан дэмжиж байсныг гэрчилдэг. Үүгээрээ түүх өгүүлэх онцгой үнэт, зоос юм.
Аригбөх 1260-1264 оны үед Их Монгол Улсын хаан сууринд суужээ. Аригбөх, Хубилай ах дүү хоёрын хаан ширээний төлөө тэмцэл эхэлж удалгүй цус урсгасан зэвсэгт мөргөлдөөн болон хувирчээ. Тэмцэл Аригбөхийн ялагдлаар өндөрлөсөн ч Хубилай дүүгийн амийг хэлтрүүлж, түүнтэй талцсан ноёдыг алтан ургийн дотор хагарал тэмцэл өрнүүлсэн гэж хатуу цээрлүүлэн шийтгэж, олонхыг нь цаазаар авчээ.Аригбөх 1266 онд нас баржээ.
Аригбөх хааны тамгатай гурван төрлийн зоос одоогоор олдоод байна. Түүний тамгатай хоёр дахь хэлбэрийн зоосыг Цагаадайн улсад гаргаж байв.
Уг зоосноо Аригбөхийн тамганы үзүүрийг угалзруулан чамин гоёмсгоор дүрсэлжээ. Харин хоёр талдаа Аригбөхийн овгийн тамгатай гурав дахь зоосыг хэн, хаана дэлдүүлсэн нь одоогоор тогтоогдоогүй байна.
Дундад Ази, араб дахины зоосон мөнгө бүтээн хэрэглэх уламжлалын дагуу монголчууд тухайн үедээ төр барьж байгаа хааныхаа нэр, цол бүхий зоосыг бүтээж гүйлгээнд хэрэглэж байв.
Монголын Эзэнт гүрний эдгээр зоосон мөнгөнөөс бэлгэдэлт овгийн тамганаас эхлээд хаадын нэр, цол, он дараалал, газар нутгийн нэр зэрэг түүх судлалд ихээхэн үнэ цэнэтэй баримтыг мэдэх боломжтой юм.