Бухын хошуунаас олдсон Монгол язгууртны дээл

“ХҮН ТӨРӨЛХТНИЙ ТҮҮХ ДОРНОДООС, ЯЛАНГУЯА МОНГОЛЧУУДААС ЭХТЭЙ, УЧИР НЬ ТЭНД ТӨР БАЙСАН ЮМ”  Гегел

Нүүдэлчдээс дэлхийн түүх эхтэй. Нарийн ухаад үзвэл монголчууд хувцас өмсөхөө хүртэл төрт ёсны үйл хийж байна гэж билэгддэг байсан бөгөөд титэм, малгай, хувцас нь монголчуудын зэрэг дэвийг илэрхийлдэг, хувцасны маш өндөр соёлтой ард түмэн байжээ. Энэ удаад  Монголын үндэсний музейд хадгалагдаж буй 2003 онд Хэнтий аймгийн нутгаас олдсон  13-14-р зууны Монгол язгууртны дээлийн тухай танилцуулгыг хүргэж байна. 

ЯЗГУУРТНЫ ДЭЭЛ

Хэнтий аймгийн Бухын хошуунаас гурван ч дээл олдсон байдгийн нэг нь энэхүү язгууртны дээл юм. Мөрөн дээрээ зээгт наамалтай, ханцуйгаараа нарийхан, бүсэлхийгээрээ олон ширээстэй. Ташуу энгэртэй энэ дээл ерөнхийдөө Хитангийн үеэс түгээмэл хэрэглэгдэх болсон гэж судлаачид үздэг.

yazguurtan deel

Монголын Үндэсний музейн шинжилгээний анги  2003 онд олсон. Зургийн тайлбар: Панс, хоргой, даавуу, алтан утас Өндөр 128 см, өргөн 110 см Хэнтий аймаг, Хэрлэнбаян-Улаан сум, Бухын хошуу, XIII-XIV зуун

Монголын эзэнт гүрний үеийн язгууртан эрэгтэй хүний  энэ дээл нь XIII зууны үеийн Монголын эдийн соёлын судалгааны чухал эх сурвалж юм. Зээгт наамал бүхий ховор бүтээл. Дээл нь ташуу захтай, урт нарийн ханцуйтай, бэлхүүсээрээ жигд хуниастай, дэрвэгэр хормойтой. Нимгэн пансан торгон гадартай.

Нарийн нэхээстэй торгон дээрээ уламжлалт хээ чимгийг хатгаж урласан. Эвэр угалзан хээг хоргой торгоор хайчлан, захаар нь алтан утсаар зээг даруулан дээлийн энгэр, зах, ханцуй, хормойн хэсгийг чимэглэсэн. Дээлийн бэлхүүс орчмоор 20 см өргөнтэй буруу, зөв эрчилсэн алтан утсан зээгийг зэрэгцүүлэн дарж оёсон байна.

Дотоод энгэр нь зүүн гар талдаа лав дарсан, баруун талдаа гурван торгон бүчтэй. Зүүн талдаа хормойноос бүсэлхий хүртэл оноотой ажээ. Дээлний анхны өнгө тодорхойгүй болсон. Одоогийн өнгө нь цайвар бор өнгөтэй. Энэ дээлний нэлээн хэсэг нь устаж үгүй болжээ.

Дээрх судалгаанаас харахада монголчууд, нүүдэлчид гэдэг зэрлэг бүдүүлэг арьс нөмөрсөн хүмүүс байгаагүй харин ч хувцасны өндөр соёлтой нарийн нямбай чадварлаг урлаачидтай байсныг илтгэж байна.

 

Leave a Reply