ganga nuur

Ганга нуурыг сэргээнэ

Улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ганга нуурыг сэргээх ажлыг хийнэ.

БОАЖЯ, Сүхбаатар аймгийн ЗДТГ, Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны захиалгаар хийх уг ажил энэ оны 04 дүгээр сарын 01-нд эхлэх аж.

Ганга нуурыг бохирдол, ширгэлтээс хамгаалах, урсацыг сайжруулах төслийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлыг БОАЖЯ-наас гарган баталжээ.

Ганга нуурын ёроолыг хагшаасыг цэвэрлэх, ГН2 дугаар хайгуулын цооногийг ашиглалтын цооногт шилжүүлэн тоноглох, техник угсралтын ажил гүйцэтгэх, нуурыг малын хөлийн талхагдлаас чөлөөлөх, хамгаалах зорилгоор нуураас зүүн тийш 50-60 километрт өрөмдмөл худаг гаргах, нуурын энгийн хамгаалалтын бүсээс гадагш 20 км хашаажуулалт хийх, мод үржүүлгийн газар байгуулах, нуурын эрэг орчмын батлагдсан зураг төсвийн дагуу тохижуулах зэрэг арав гаруй төрлийн ажил тусгагджээ.

Энэ онд хөрөнгө оруулалтын 50 хувь нь орох бол үлдсэн санхүүжилт ирэх онд олгогдож, улмаар ажлын гүйцэтгэлийг 2020 оны 10 дугаар сарын 01-нд хүлээж авна.

Мөн улсын төсвийн хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дарьганга хүүхдийн зусланг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн олон улсын хүүхдийн зуслан болгох засвар, шинэчлэлтийн ажил энэ онд эхлэх юм байна.

Leave a Reply