Гүнж нуурын эгэлгүй бүсгүй

Одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт “Гүнж нуур” гэж байдаг бөгөөд эрт цагт уг нуурыг “Гүн нуур” гэдэг байж.

Тухайн үед уг нуурын хөвөөн дээр нутаг усандаа өнгө нэмсэн нэгэн сайхан бүсгүй аав ээжийн хамт амьдардаг байжээ.  Зан ааль сайтай, үйл үртсэнд уран түүнд нутгийн нь нэг сайхан залуу хайртай болж, бүсгүй ч мөн адил сэтгэл нийлэн ихэд жаргалтай амьдарч байтал алс хошууны засаг ноён бүсгүйн сургийг сонсоод нутагт нь ирж сайхь бүсгүйг эхнэрээ болгохоор шийджээ.

gun nuur

Тиймээс бүсгүйг хайртай залуу нь үүр цүүрээр оргуулан авч одсон байна. Гэсэн ч засаг ноёны барлагууд хоёр хосыг барин авч хархүүг хугацаагүй цэргийн албанд цөлж, бүсгүйг есөн цагаан тэмээгээр богтлон авч оджээ.

Тэмээн дээр суусан бүсгүй хайртай залуугаа санан зай завсаргүй цурхиран байх зуураа нэгэнтээ ухаан сийлж тэмээгээ Гүн нуурын зүг залсан байна.

Тэгээд ноёны барлагуудад гүйцэгдэлгүй таваргасаар нуурын эрэг дээр ирэхэд Гүн нуур ганцхан давалгаалаад бүсгүйг өөртөө шингээчихэж. Ноёны барлагуудыг давхин ирэхэд Гүн нуур амгалан тайвнаар мэлтийн толийж уран мандалаа зөөлхөн шилгээж байсан гэдэг.

Ингээд балмад ноёны хүсэл бүтэлгүйтэж, улмаар нутгийн зон олон эгэлгүй сайхан бүсгүйг дурсан “Гүн нуур”-ыг тэр цагаас хойш “Гүнж нуур” гэж нэрлэх болжээ.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн