Жил ирэх тусам нэмэгдэж байгаа цөлжилт, элсний нүүдлийн эсрэг нөхөн сэргээлтийг зөв хийж, мод, ургамал тариалах зэргээр байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх нь энэ цагийн гол шийдэл болоод буй.
Говь нутагт ургадаг байгалийн ургамал болох хармаг, тоорой, сухай, заг зэрэг ургамал улам ховордож, устаж үгүй болох аюул тун ойртсон. Тиймээс эдгээр ургамлыг таримал хэлбэрээр үржүүлж, говийн хөрсийг ургамалжуулах нь зорилготой “Амин хэлхээ байгаль” төслийг “Эрдэнэс Тавантолгой” компаны захилгаар хэрэгжүүлж эхэлжээ.
Одоогоор Өмнөговьт 10 га газарт дээрх ургамлуудын тарьцыг ургуулах туршилтын талбай бэлтгэж, ус, цахилгаан зэрэг дэд бүтцээ хийгээд байгаа юм байна. Энэ төсөлд голлох ач холбогдол өгч байгаа ургамал нь говийн жимс “Хатан хармаг” гэлээ.
“Хатан хармаг” ургамлыг тариалах төслийн хүрээнд бут, сондуулыг говийн нөхцөлд тохирсон байгальд ээлтэй технологи ашиглан усалгаажуулж, арчилж, хамгаалахаар болж орон нутгийн сортыг эрдэмтэн, судлаачидтай хамтран судалж, жимний гарц, ургалт, өгөөжийг нэмэгдүүлэхээр зорьжээ.
Бут сондуул байгаль дээрээ нөхөн сэргэж, шинэ залуу ургамал ургаснаар жимслэлт нь сайжирч элсний нүүдлийг тогтоон барихын дээр хөрсөн дэх чийг хадгалагдаж эндемик орчин бүрдсэнээр цаашид чихэр өвс, зүүн гарын гоёо, цулхир зэрэг ургамлууд сэргэх нь “Хатан хармаг” тариалах төслийн хамгийн чухал үр дүн юм байна.
“Хатан хармаг” гэж ямар жимс вэ?
Жимсний бутны иш нь нэг метр хүртэл өндөр, бөмбөгөр, дэлхээ нумран тахийсан сөөгөнд ургадаг байна. Навчис нь 1-2.5 см урт, 8 мм хүртэл өргөн. Шаравтар цагаан жижиг цэцгүүдтэй, маш богинохон шилбэтэй, бага зэргийн бамбайрхуу баг цэцэг үүсгэнэ.Цоморлиг нь хагас хүртэл юм уу гүнзгий цуулбарласан, мохоо үзүүртэй өндгөн хэлбэртэй бөгөөд 1-2мм урт байдаг.Дэлбээ нь 3-4 мм урт гонзгойвтор хэлбэртэй.
Амин хүчлийн агууламж нь чацарганы шүүснээс өндөр гэдгийг БНХАУ-ын Шинжлэх ухааны Академиас тогтоожээ.
Энэ ургамал нь Монгол Дагуур, Монгол Алтай, Дундад Халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий, Дорноговь, Говь-Алтай, Алтай, Дундговь аймгийн зүүн, өмнөд талын сумдын нутагт бага хэмжээгээр тохиолддог байна.
“Хатан хармаг” нь сул элсийг тогтоон элсний нүүдлийг багасгаж, цөлжилтөөс сэргийлдэг.
Хужир мараатай хөрсөнд тэсвэртэй, газрын гүнээс усаа татаж ургадаг бутлаг ургамал бөгөөд 0.7-2.4 хувийн органик хүчил, 21-32 хувийн С витамин агуулдаг байна. Түүнчлэн найман төрлийн тэжээл, 18 амин хүчил, уургаар баялаг зэрэг эрүүл мэндийн чиглэлд асар их ач холбогдолтой ургамал юм.