Өмнөговь аймгийн Нэмэгт уулнаас 80-70 сая жилийн өмнө буюу Цэрдийн галавын үед амьдарч байсан шинэ төрлийн үлэг гүрвэлийн яс олджээ.
Энэ тухай PLoS One сэтгүүлд мэдээлж цэрдийн галавын үед Ази, Умард Америкт тархан амьдарч байсан өдлөг, шувуу хэлбэрийн үлэг гүрвэлүүдийн ангилалд багтах цоо шинэ төрөл зүйл болохыг онцолжээ.
Жижиг шувууны хэмжээтэй Гобираптор гүрвэл нь маш нягт, хатуу эрүүний ясаараа бусад төрлөөс онцгойрон ялгарч байгаа гэнэ. Энэ нь түүнийг ургамлын үр, амьтны өндөг, хатуу ясан бүрхүүлтэй эртний нялцгай биетнүүдээр хооллодог гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна.
Нэмэгт уулнаас олдсон бүрэн биш араг ясыг шинжлээд уг олдвор нь залуу үлэг гүрвэлийнх байсныг тогтоожээ.
Нас бие гүйцээгүй үлэг гүрвэлийн олдворыг андуурч өөр төрөл зүйлд ангилах явдал шинжлэх ухаанд түгээмэл байдаг.
Харин энэ удаа эрдэмтэд Гобираптор минутусыг гарцаагүй шинэ төрөл зүйл гэж үзэж байгаа ажээ.