hyatad irgediig shagnajee

“Монголын тэргүүний залуу” тэмдгээр ХЯТАД иргэдийг шагнажээ!

~“Монголын тэргүүний залуу” тэмдгээр хятад иргэдийг шагнажээ~

Монголын залуучуудын холбооноос БНХАУ-ын нэр бүхий долоон иргэнийг “Монголын тэргүүний залуу” тэмдгээр шагнаж урамшуулсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд нэр устайгаа дэлгэгдсэн нь олон олон иргэдээс шүүмжлэл хүртээд байна.

Улмаар ямар учраас хятад иргэдийг тэргүүний залуугаар өргөмжлөх болсноо тайлбарлахыг Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбатаас шаардаж байна.

Харин эл асуудалд Монголын залуучуудын холбооны шагнал хариуцсан мэргэжилтэн хариулахдаа “Зураг дээрх шагнал манайхаас өгдөг шагнал мөн. Гэхдээ Монголын залуучуудын холбоонд энэ хүмүүсийг шагналд тодорхойлсон материал ирж байгаагүй. Монголын залуучуудын холбооноос бол энэ шагналыг олгоогүй.

Манайх 21 аймаг, 320 сум, нийслэлийн есөн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Ингэхдээ УИХ дахь залуучуудыг дэмжих лобби бүлэг, НИТХ-ын залуучуудыг дэмжих лобби бүлэг, тусгай салбар холбоод болон залуучуудын хороо, зөвлөл, клуб гэсэн системтэйгээр ажилладаг. Эдгээр салбар нэгжүүд өөрсдөө шагналын квоттой байдаг. Тиймээс квотынхоо хүрээнд шагналаа олгосон байх.” Хэмээсэн байх юм.

МЗХ-ны цол тэмдгээр тухайн салбартаа үнэтэй хувь нэмэр оруулсан, ажлын өндөр амжилт бүтээл гаргасан тэргүүний хүмүүсийг алдаршуулан шагнаж ирсэн байдаг ба шагнал авах болзлыг журамд нарийвчлан тусгасан байдаг. Тодруулбал “Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” цол тэмдгийг дараах үзүүлэлтийг үндэслэн олгоно.

Үүнд: Тухайн шагналд тодорхойлогдож буй хүн нь дээд боловсролтой өөрийн ажиллаж буй салбарт болон улс эх орондоо бодитой үнэлэгдэхүйц өндөр амжилт гаргасан байна. Хариуцсан ажлын үзүүлэлт, чанар, амжилт, бүтээл нь олон улс, улс, хот, аймгийн хэмжээнд үнэлэгдсэн байх.

“Монгол залуу хүний эрмэлзэх 9 зүйл”-ийг мөрдлөг болгон ажиллаж,оюуны өндөр бүтээл гаргасан, хамт олныхоо дунд нэр хүндтэй, Монголын Залуучуудын Холбооноос хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагаанд идэвхи чармайлттай оролцдог, тухайн байгууллагадаа 5-аас доошгүй жил ажилласан, бусдыгаа манлайлан, удирдан зохион байгуулах чадвартай тэргүүний залуучууд байна хэмээжээ.

Leave a Reply