Хэдэн тэрбум жилийн дараа Нар аварга том талстан биет болж хувирах гэнэ. Ийм дүгнэлтийг Их Британийн Уорикскийн их сургуулийн эрдэмтэд хийжээ. Эрдэмтдийн явуулсан судалгааны талаарх нийтлэлийг шинжлэх ухааны Nature сэтгүүлд нийтэлжээ.
Судлаачдын мэдээлснээр, Нар талст болж хувирах үйл явц нь халуун цөмийн энергээ алдсан цагаан одой оддын хувиралтай адил байх аж. Сансрын энэ биетүүдийн талсжих үйл явц хэд хэдэн үе шатыг дамждаг байна.
Цөм дэх металлууд болон хүчилтөрөгчийн температур унаж эхлэх үед цагаан одой од хатуурч, нүүрстөрөгч, гели, устөрөгч нь шингэн төлөвт орно. Хатуурсан матери одны төвд орж, бусад атомуудыг шахаж гаргаснаар эцэст нь Дэлхийтэй адилхан хэмжээтэй бөмбөлөг болж хувирдаг байна. Бөмбөлгийн цөмийн нягтрал нь асар их учраас бодисынх нь нэг шоо см 10 тонн орчим жинтэй аж.
Ийм хувирал нь ус мөс болж хувирахтай адил гэж эрдэмтэд дурджээ. Судалгааны багийн ахлагч Пьер-Эмманюэль Тремблэйн ярьснаар, шар одой оддын төрөлд хамаардаг Нар зэрэг дундаж хэмжээтэй оддод талсжих үйл явц угаас байдаг зүйл аж.
“Хэдэн тэрбум цагаан одой одод ийм үйл явц болоод өнгөрсөн бөгөөд бараг бүхэлдээ талстан бөмбөлөг болж хувирсан. 10 тэрбум жилийн дараа Нар талстан цагаан одой од болж хувирна” гэж судлаачдын ахлагч онцлон ярьжээ.
Эрдэмтэд Дэлхийгээс 300 хүртэл гэрлийн жилийн зайд буй 15 мянган цагаан одой одыг Европын сансрын агентлагийн Gaia хиймэл дагуулаар урт удаан хугацаанд ажигласны эцэст ийм дүгнэлтийг хийсэн байна. Цагаан одой од талст болж хувирдаг тухай анхны таамгийг бүр хагас зуун жилийн өмнө дэвшүүлж байсан боловч шинжлэх ухаанд одоо л нотолж байгаа аж.
Цагаан одой оддыг өөрийн гэсэн энергийн эх үүсвэргүй бага масстай “үхмэл” оддын үлдэгдэл гэж нэрлэдэг байна. Нарнаас 10 гаруй дахин ихээс хэтрэхгүй масстай одод хувьсаж өөрчлөгдсөнөөр ийм одод бий болдог аж.
Орчуулгыг: montsame.mn