Халхын голын байлдааны түүхэн 82 гэрэл зургуудыг Монгол цэргийн музейд дэлгэнэ

Халхын голын байлдааны ялалтын түүхт 80 жилийн ойг тохиолдуулан иргэн Р.Чимидлхам өөрийн 40 гаруй жил хадгалсан Халхын голын байлдааны түүхэн цаг үетэй холбогдсон 82 ширхэг гэрэл зургийг Батлан хамгаалахын төв архив болон Монгол цэргийн музейн хамт олонд дурсгав.

Тэрбээр “Миний нөхөр Н.Цэвэгжав МХЗЭ-ийн гишүүн байхдаа Халхын голын байлдааны ялалтын 40 жилийн ойгоор гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж байсан. Тэдгээр гэрэл зургийг соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Г.Жамъянгаар дамжуулан Батлан хамгаалахын төв архив болон Монгол цэргийн музейн хамт олонд дурсгаж байгаадаа баяртай байна. Энэ зургууд Халхын голын байлдааны үйл явдлыг харуулсан, өмнө нь нийтийн хүртээл болж байгаагүй гэрэл зургууд гэдгээрээ онцлог” гэв.

МУСГЗ, сэтгүүлч Г.Жамъян “Иргэний үүргээ ухамсарлан Батлан хамгаалахын төв архивын баримт, Монгол цэргийн музейн сан хөмрөгийг баяжуулахад өөрийн зүгээс өчүүхэн ч гэсэн хувь нэмрээ орууллаа. Манай найз Р.Чимидлхамд энэхүү түүхэн гэрэл зургууд байдгийг мэдээд Халхын голын байлдааны түүхт ой тохиож буй энэ цаг үед олны хүртээл болгоё гэсэн саналыг түүнд тавьж, холбогдох албаны хүмүүстэй холбож өгсөн нь өнөөдөр ажил хэрэг болж байна. Цаашдаа энэ мэт Халхын голын байлдаантай холбоотой ховор, нандин цуглуулгатай хүмүүсийг олж, тэднийг Батлан хамгаалах салбартай холбоход өөрийн зүгээс хичээнгүйлэн ажиллах болно” гэсэн юм.

Ташрамд дуулгахад, дээрх хоёр байгууллагын эрдэм шинжилгээний ажилтнууд дээрр гэрэл зургийг тайлбаржуулж, түүх, эрдэм шинжилгээ, лавлагаа, мэдээллийн эргэлтэд оруулах аж.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн