Говь-Алтай аймгийн Цогт сумын нутагт Монгол Алтайн нуруу, Говь Алтайн нурууны хоорондох хотгор буюу Алтайн өвөр говийн уулс хоорондын цөлөрхөг хотгорт орших жижиг ширхэгт боржин чулуунаас тогтсон хад чулуурхаг өнчин уул юм.
Ээж хайрхан уулын хотгор хөндийгөөр 100 орчим зүйл ургамал тархсан нь экологийн өвөрмөц бичил орчинтойг илтгэдэг. Аргаль, янгир, ирвэс зэрэг ховор амьтдын хоёр тийш нүүдэллэх хөндий болж байдгаараа чухал ач холбогдолтой. Хахилаг ятуу, хулан жороо, ногтруу, уулын цэгцгий, жороо тоодог зэрэг олон зүйл ховор шувууд бий.
Ээж хайрхан уулаар бүрэн аялж хадны тогтоц байдлыг ажиглан мэдэхэд олон цаг хэрэгтэй бөгөөд авирах явцад замын турш янз бүрийн нэр өгч нэрлэхээр гайхалтай сонин байгаль эхийн бүтээлүүдээр баялаг билээ.
Алдарт есөн тогоо, ламын агуй гэх онцлог тогтцуудаас гадна гүрвэл хад, бүсгүйчүүдийн үр хүүхэд, эр нөхөр гуйдаг хад, гахайн толгой, тэврэлдэн суугаа хос залуус, түлээний сав, олон суудал хад \театр хад\, ембүү хад, далайн яст мэлхий, найрын ширээ, бамбарууш, хүүхэн хэл, тагтаа, янзага хад гэх мэтээр нутгийнхан нэрлэж заншсан сонирхолтой тогтоц хаднуудыг үзэх боломжтой.
Ембүү хаданд мөргөж залбирсан хүн есөн үеэрээ эд мөнгөөр элбэг дэлбэг явна хэмээн сүсэглэдэг. Эхийн хэвлий хадаар шургаж гарсан хүн ахин төрж, өнгөрсөн хугацаанд үйлдэгдсэн нүгэл нь ариусна хэмээн үздэг. Эр хүний хаданд мөргөж залбирвал үр хүүхдийн заяа сайжирч, үр хүүхэдгүй хүн өнөр өтгөн гэр бүл болно хэмээн итгэж биширч иржээ.
Ээж хайрханы харуул сахиул мэт түгээмэл энд тэнд үзэгдэх амьтан бол Замба гүрвэл юм. Нутгийнхан Замба зараа ч гэж нэрлэдэг.
Монголын хамгийн том гүрвэл бөгөөд өмнө харж байгаагүй хүмүүс айж цочиж мэдэхээр. Мөн шөнийн цагаар гэрэлд олноор цугладаг шар аалз бий. Ээж хайрхан уулыг тойроод буудайн тариалангийн талбай байх бөгөөд нутгийн иргэд 33 метр өндөр, 12 метр өргөн даланг барьж хамгаалсан байдаг.
Тэрхүү хойд энгэрт төрөл бүрийн хүнсний ногоо, тариа будаа тариалдаг ба энэ хэсэг газрыг Хаяагийн баянбүрд гэж нэрлэдэг. Нутгийн өвгөдийн яриагаар бол тэнд бөө удган нар есөн тогоо бүрээс ус авчирч угаал үйлдэн “Хатан заяаг тэгшлэх” зан үйл хийдэг байна.
Эх орныхоо дархан хилийг бат бэх, бүрэн бүтэн байлгах, эр эмийн заяаг тэгшлэх, эх дэлхийн амар амгаланг бэлгэдэж тахилга үйлддэг ажээ.
Есөн тогоо: Есөн тогоо нь Ээж хайрханы зүүн өвөрт чулуулгийн судал дагаж хойноос урагш цуварч байрласан есөн тусдаа хадан хүнх юм.
Тогоо бүр устай байх бөгөөд хоорондоо 40-50 см чулуун босгоор нэг нь нөгөөтэйгөө холбогдоно.
Нэгээс гурав дахь тогооны диаметр нь 1-3 метр байдаг бол дөрвөөс найм дахь тогооны диаметр 5-6 метр өргөн байдаг.
Гарал үүслийн хувьд боржин чулууны ан цавыг дагаж үүссэн бөгөөд тогоонуудын гүн 2-8 метр юм. Ес дэх тогоо дээд талын тогооноос 7 метр гаруй хол оршдог.
Найм дахь тогооны төгсгөлд хадан дэвсэгийн зай завсраар хэдэн том бургас ургасан байдаг ба нутгийн ардууд эрт үеэс хүндэтгэн хадаг яндар өлгөж сүсэглэн залбирч иржээ. Есөн тогооны эхэнд бяцхан баянбүрд үүссэн байх бөгөөд үүнийг нутгийнхан “Даяанч ламын зуслан” хэмээн нэрлэдэг.
Харин ес дэх тогооны төгсгөл хавьд газрын гүнээс булаг маягтай шүүрдэг ус байдаг нь хур бороо элбэг жил тогоонуудаас ус халин задгайрч жижиг булаг үүсгэн хад даган урсаж хөрсөнд шингэдэг байна.
Тогоонууд бүгд дүүрэн устай бөгөөд ногоон өнгөтэй, хүхэрлэг чанартай, тогоо бүрийн ус өөр өөр амттай байдаг. Эдгээр есөн тогоонд байх усыг судлаачид рашааны шинж чанартай болохыг тогтоосон байна. Нэгээс зургаа хүртэл тогоо руу төвөггүй очиж болох ба долоо, найм дахь тогоо руу очиход бага зэрэг бэрх байдаг.
Хальтирч унахаар мөлгөр налуу бөгөөд гишгэдэл алдвал тэр чигээр тогоо руу өнхрөөд орчихоор ажээ. Тогоо бүрийн гүн харилцан адилгүй бөгөөд хүн живж үхсэн тохиолдол ч байдаг байна.
https://youtu.be/JaigjeS_T5U