Эртний танил шаазан эдлэлүүд эргэн ирнэ

Хавтастай бор толины урд ижилсүүлэн тавьсан шаазан морь эсвэл хуучны бор ширээний нүдэнд өрөөстэй эрээн шаазан аяга, өвгөдийн бурхдын дундаас ялгарах Баян Намсрай, Энх-Амгалан хааны шаазан баримал нэгэн үе айл бүрийн хойморт залардаг байлаа. Монголчууд одоогоос 30 гаруй жилийн өмнө дотоодынхоо шаазан аяга, тавагны хэрэгцээг бүрэн хангаж байснаас гадна дурсгалын болон ахуйн ваар, бэлэг дурсгал, чимэглэлийн шаазан эдлэлийг үйлдвэрлэж бүтээгдэхүүнээ Япон, Куба улсад экспортолж байсан.

Дөрвөн хүчтэний зурагтай, арван хоёр жилтэй, хос морьтой, эрийн гурван наадмын бэлгэдэлтэй гээд Монголын шаазан ваарны үйлдвэрт мэндэлсэн олон сайхан бүтээлүүдийг тоочоод байвал барагдахгүй. Харамсалтай нь тус үйлдвэр 1995 онд хувьчлагдаж үйлдвэрийн тоног төхөөрөмж нь хулгайд алдагдаж, ажилчид нь тарж бутарсан байдаг. Үйлдвэр хаалгаа барьснаас хойш Монгол хүний ур ухаан шингэсэн шаазан урлалын бүтээлүүд үнэд орж эртний эдлэл цуглуулагчдын ховор нандин үзмэрийн тоонд зүй ёсоор ордог болсон. Тэгвэл хэд хоногийн өмнөөс Монголын шаазан ваарны үйлдвэр дахин үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

“Монгол өв шаазан” компани нэг сарын өмнөөс Монголын шаазан ваарны үйлдвэрт ажиллаж байсан хэсэг хүмүүс нэгдэн Налайхад үйлдвэрээ байгуулжээ. Одоогоор бүтээгдэхүүнийхээ хэв цутгалтын ажлыг хийж эхэлжээ. Тун удахгүй 100 хувь Монголдоо үйлдвэрлэсэн хүн бүр худалдаад авчих боломжтой, чанартай, өнгө үзэмжтэй шаазан эдлэлүүд бидний гар дээр ирэх нь байна.

“Монгол өв шаазан” компани хос морь, ноён хатан, Энх-Амгалан хаан гээд 7-8 төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулан, загварыг нь шинэчлэн үйлдвэрлэх аж. Үндсэн түүхий эдээ импортоор авч байгаа ч хуучны туршлага, мэдлэг чадвараа ашиглан шаазан эдлэлд ордог бүх орц найрлагыг өөрсдөө үйлдвэрлэж эхэлнэ гэдгийг “Монгол өв шаазан” компанийн захирал Д.Дашдэлгэр хэлж байв.

 

 

No Comments

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн