1072-huwitsaa-medeellin-tow

“1072 хувьцаа” мэдээллийн төв нээгдлээ

~”1072 хувьцаа” мэдээллийн төв нээгдлээ~

Хувьцаа эзэмшигч нийт иргэнийг бодит, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах зорилгоор ” 1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нээсэн бөгөөд “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдэгдлээ.

Учир нь “Эрдэнэс-Таван толгой” хувьцаат компани нь энэ оны дөрөвдүгээр сарын 27-нд хуралдсан “Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал”-ын шийдвэрийн дагуу Хувь нийлүүлэгчдийн хөрөнгө буюу төр, иргэд аж ахуйн нэгжүүдийн хувьцааг компанийн санхүүгийн тайланд тусгах ажлыг нэгэнт хийж баталгаажуулсан байна.

Өөрөөр хэлбэл, Эрдэнэс -Таван толгой ХК нь дүрмээ шинэчилж, хувьцаат компанийн засаглалд бүрэн шилжсэн учир иргэд- хувьцаа эзэмшигчдийн зүгээс 1072 хувьцаатай холбоотой олон асуултад хариулт болон тодруулга авах шаардлагатай байгаагаа илэрхийлэх болсныг тус компанийн удирдлага анхааралдаа авчээ.

Хаана, хэнд хандахаа мэдэхгүй байна гэсэн санал хүсэлтийг иргэдийн зүгээс компанийн удирдлагад олонтаа ирүүлэх болсон учир “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдийг мэдээллээр түргэн шуурхай хангах зорилгоор “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг албан ёсоор ажиллуулах болсон байна.

Мэдээллийн төвийг зорин ирэх иргэдийн мэдэхийг хүсэж сонирхсон асуултуудыг тодорхойлох, тухайн асуултуудад хариулт бэлтгэн, мэдээллийг газар дээр нь өгөхөөс гадна, алс холоос биеэр ирж чадахгүй иргэдийн санал хүсэлтийг ч хүлээн авах, хариулах зорилгоор “1072 хувьцаа мэдээллийн төв facebook хуудас”- ыг ч нээжээ.

“1072 хувьцаа төв”-ийн үйл ажиллагааны үндсэн нэг чиглэл нь 1072 хувьцааны арилжааг эхлүүлэхийн өмнө иргэд, олон нийтийн хувьцааны талаарх мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын засаг захиргааны анхан шатны бүх нэгжийг ( Нийслэлийн 152 хороо, улсын 336 сум,баг) -ийг шаардлагатай мэдээллээр тогтмол хангахад оршино гэдгийг тус компаниас онцолж байна.

“1072 хувьцаа мэдээллийн төв” нь Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8 гудамж буюу “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн хойд байрны 106 тоотод байрлаж байгаа аж.

Иргэн Та 1800-1072 утсаар тус төвийн мэдээллийн ажилтнуудтай холбогдож, хувьцаатай холбоо бүхий сонирхсон мэдээллээ авч болох юм байна.

Leave a Reply