Хотын дарга С.Амарсайхан Сэлбэ дэд төвийн Мэдээлэл холбооны нэгдсэн үйлчилгээний төв болон 240 хүүхдийн цэцэрлэг, Бизнес инкубатор төвийн бүтээн байгуулалтын явцыг шалгасан юм. Сэлбэ дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын нэг болох 240 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн барилга угсралтын ажил 87 хувьтай явж байгаа бөгөөд ирэх тавдугаар сарын 30 гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх юм байна. Цаг хугацаандаа амжуулах гээд чанаргүй ажил хийж огт болохгүйг хотын Захирагч сануулаад, “Та бүхэн өөрийнхөө үр хүүхдийг энэ байшинд хичээллэнэ, энэ гудамж талбайгаар гүйж, тоглоно гэдгийг бодолцож, нэг тоосгыг ч байсан стандартын дагуу чанартай өрж, өөриймсөг сэтгэлээр ажиллаарай” хэмээн гүйцэтгэгч компанийнханд захисан юм.
Тавдугаар сард ашиглалтад орох “Сэлбэ” Бизнес инкубатор төвд төрөл бүрийн ажил мэргэжлийн сургалтууд зохион байгуулахаас гадна гарааны бизнес эрхлэх гэж буй хувь хүн, аж ахуйн нэгжүүдийг туршлага солилцох, мэдлэг чадвараа хуваалцах, бизнес санаагаа бойжуулан бодит ажил хэрэг болгох хүртэл нь дэмжих олон талт үйл ажиллагаа явуулах аж.