Улсын филармонийн концертын танхимд өнөөдөр /2019-09-20/ Монголын суу билэгт хөгжмийн зохиолчдын нэг Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Л.Мөрдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт болно. Мэргэжлийн хөгжмийн урлагийн байгууллагууд дор бүрнээ нэрт хөгжмийн зохиолчийн бүтээл туурвилуудаас шинэ үеийн үзэгч, сонсогчдод хүргэх ажил зохион байгуулахаар бэлтгэж буй. Анхных нь өнөөдөр болох юм.
Энэхүү концертыг алдарт хөгжмийн зохиолчийн “Миний эх орон” симфониор эхлүүлэх бол гоцлол хөгжимчин Д.Азбилэг “Уянгын сонат”-ыг нь гоцлон тоглож үргэлжлүүлэх ажээ.
Л.Мөрдоржийн “Аз жаргалын минь эх орон” уран сэтгэмж сонсогчдод төдийлөн танил бус аж. Үүнийг залуу удирдаач Б.Анар удирдан тоглуулах юм байна.
Ёочин хөгжимд зориулсан “Хаврын шувууд ирлээ” гоцлолыг Морин хуурын чуулгын гоцлол хөгжимчин Б.Алтантуул үзэгчдэд хүргэнэ. “Монгол кино” үйлдвэрийн шилдэг бүтээлүүдийн нэг “Анхны алхам” киноны “Хунгийн дуу”-г Улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр дуулна. Концертыг Ардын жүжигчин Л.Мөрдоржийн хөгжмийн шилдэг бүтээл “Алтан өргөө” киноны хөгжмийг тоглож өндөрлүүлэх юм байна. Симфони найрал хөгжмийг маэстро Б.Батбаатар болон Б.Анар нар удирдана.
Энэхүү тоглолтыг Улсын филармони “Л.Мөрдорж” сантай хамтран зохион байгуулж, БСШУСЯ дэмжиж байна. Өнөөдрийн тоглолтын үеэр үзэгчид нэрт хөгжмийн зохиолчийн гэр бүл, үр хүүхдүүдийнх нь төлөөлөлтэй танилцаж, уулзан, яриа хөөрөө өрнүүлж болох нь ээ. Тоглолтын хөтлөгч хөгжим судлаач СГЗ Ч.Буянхишиг Зурагт хөгжмийн зохиолчийн ач нар: Г.Тэнгис, Э.Бадрал нар