НАТО гийн дээд уулзалтын гол оролцогч Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроныг эх оронд нь томоохон сорилт хүлээж байна. Өнөөдөр Франц даяар тэтгэврийн шинэтгэлийг эсэргүүцэгчид үндэсний хэмжээний ажил хаялт зарлаад байгаа. Олон хотод пүрэв гарагийн өглөөнөөс эхлэн нийтийн тээври йн үйлчилгээ доголдож, нисэх болон төмөр замын буудлууд хаалгаа бариад байгаа юм.
Мөн улс орон даяарх ерөнхий боловсролын сургуулиудын 3-ны 2-ынх хичээл хаагдаад байна. Эсэргүүцлийн энэ ажил хаялтад тээврийнхэн, багш нараас гадна эмч, эрчим хүчний салбарын ажилтнууд, шүүгчид, цагдаагийнхан хүртэл нэгдэж байгаа аж. Франц даяар өнөөдөр 245 жагсаал цуглаан хийх хүсэлтийг албаныханд тавьж зөвшөөрөл хүссэн байна. Тиймээс Францчууд энэ өдрийг хар пүрэв гараг хэмээн нэрлэцгээж байна.
Улс орон даяар аюулгүй байдлын өндөржүүлсэн арга хэмжээ авсан байна. Үндэсний хэмжээг хамарсан ажил хаялт зарлах болсон шалтгаан нь Ерөнхийлөгч Эммануэль Макроны санаачилсан тэтгэврийн шинэтгэлтэй холбоотой. Бүр нарийн тодруулбал Францын өндөр настнууд тэтгэвэртээ гарснаасаа хойш 2 жил ажилласны дараа л тэтгэврийнхээ мөнгийг бүрэн авдаг болох өөрчлөлтийг энэ шинэтгэлд оруулсан нь олон нийтийн эсэргүүцлийг төрүүлээд байна. Энэ удаад үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудыг иргэд олон нийт ихээр дэмжиж байгаа учир эсэргүүцлийн жагсаал цуглаан газар авч болзошгүй гэж болгоомжлуулахад хүргэсэн. 1995 онд тэтгэврийн шинэтгэлийг эсэргүүцэгчдийн жагсаал ажил хаялтаас болж Франц улс бүхэлдээ хэдэг 7 хоногийн туршид хэвийн амьдралаасаа салж Ерөнхий сайд Ален Жюппе огцорч байсан түүх бийг сануулж байна.