ontsgoi_baidliin_eronhii_gazar

ОБЕГ: 87 удаагийн дуудлагаар 92 иргэнийг авран хамгаалжээ

~ОБЕГ: 87 удаагийн дуудлагаар 92 иргэнийг авран хамгаалжээ~

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хошууч Б.Мягмардорж өнгөрсөн 14 хоногийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд долоодугаар сарын 20-ны өдрөөс наймдугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд аврах ажиллагаа, техникийн холбогдолтой ослын 24, объектын гал түймрийн 63, нийт 87 удаагийн дуудлагын дагуу үүрэг гүйцэтгэж, 92 иргэнийг авран хамгаалж ажилласан.

Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 3 дахин, объектын гал түймрийн дуудлага 28,5 хувиар, нийт аюулт үзэгдэл, ослын тоо 55,3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн байгууллагатай хамтарсан нийслэлийн Аврах анги 105-ын завьт эргүүл, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 115 алба хаагч, 11 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, үер усны ослоос урьдчилан сэргийлэх 7447 ширхэг санамж, сэрэмжлүүлэг материал тарааж ажиллалаа.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, нийслэлийн Онцгой комиссын дарга, Улсын Онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу дараах ажлыг зохион байгуулан ажилласан” хэмээв.

Онцгой байдлын газраас үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан газар эзэмших, ашиглах эрхийн зөвшөөрөлтэй 1697, зөвшөөрөлгүй 1071, нийт 2768 айл өрх, 13 хуулийн этгээдийн судалгааг гаргаж яаралтай нүүх тухай хугацаатай албан шаардлага, мэдэгдлийг Баянгол дүүрэг 9, Баянзүрх дүүрэг 55, Сонгинохайрхан дүүрэг 300, Сүхбаатар дүүрэг 131, Хан-Уул дүүрэг 94, Чингэлтэй дүүрэг 3, нийт 592 айл өрхөд хүргүүлж, Баянзүрх дүүрэг 5 айл өрх, 1 хуулийн этгээдийг албадан нүүлгэсэн байна.

Мөн үерийн хамгаалалтын далан суваг, борооны ус зайлуулах ил, далд шугам сүлжээний цэвэрлэгээ хийх, ус нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор БЗД-ийн 21-р хорооны 1,8 км, СБД-ийн18 дугаар хорооны 1,4 км, ЧД-ийн 7-16 дугаар хороонуудын даланг тус тус цэвэрлэх, ХУД-ийн 11, 14 дүгээр хорооны сэтэрсэн даланг сэргээн засварлах, 12-р хорооны далангийн тунгаагуур хэсэгт дүүрсэн шороог гаргах зэрэг ажлуудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэсэн байна.

Leave a Reply