~Шүүхээс Д.Муратын хэргийг хэрэгсэхгүй болголоо~
Баян-Өлгий аймагт АН-аас нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Муратыг өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж эхэлсэн билээ.
Улмаар түүнд холбогдох хэргийг прокурорын байгууллагаас өнгөрсөн долдугаар сарын эхээр шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Муратад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Шүүх хуралд яллагдагч Д.Мурат, хохирогч Б.Бахытгүл нар оролцлоо.
Шүүх бүрэлдэхүүн хагас өдөр шахуу хуралдсаны эцэст дөнгөж сая шийдвэрээ гаргажээ. Ингэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1дэх хэсгийн 1-д заалтад зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Мурат, Мөн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Елузаг нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон тэднийг цагаатгаж, хохирогч Б.Бахытгүлийн нэхэмжилсэн 6.539.876 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэж үзжээ. Харин Б.Бахытгүл давж заалдахаа мэдэгдсэн байна.