Чингэлтэй дхорооны Дипломат 95-р байрны хойд талын байрнуудын дунд олон жил барилгын суурь ухагдаж орхигдсон 2000 метр квадрат тус талбайг ийнхүү чөлөөлж олон нийтийн эзэмшил болгож тохижуулж буй нь энэ юм. Өнгөрсөн оны 10 дугаар сард бичил цэцэрлэг байгуулах ажил эхэлсэн бөгөөд ирэх тавдугаар сарын 1 нд ашиглалтад ороход бэлэн хэмээн гүйцэтгэгч компанийн зүгээс мэдээлэл өглөө.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Хотын Захирагчийн өгсөн үүргийн дагуу Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд эзэмшил газраа олон жил ашиглаагүй газрыг чөлөөлж бичил цэцэрлэг байгуулж байна. Тохижилтын явц 90 хувьтай явж байна.Урд нь энэ хэсэгт барилгын суурь ухаад хашаа татаад орхичихсон байсан. Орчны аюулгүй байдлыг хангаагүй, хогоор дүүрсэн газрыг тохижуулж бичил цэцэрлэг байгуулж байгаад иргэд талархал илэрхийлж байгаа” гэв.
Цаашид бичил цэцэрлэгийг Чингэлтэй дүүргийн ТҮК бүрэн хариуцаж, арчлалт хамгаалалтын ажлыг хийх юм байна. Өргөөгийн уулзвараас Саппорогийн уулзвар хүртэл 2,2 км ногоон зурвас байгуулж байгаа ажээ.
Ард Аюушийн өргөн чөлөөний олон жил сул шороон хөрстэй байсан замын гол хэсгийг иж бүрэн тохижуулж байна. Өнөөдөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр тэргүүтэй албаныхан ажлын явцыг шалгаж, гүйцэтгэгч компанийн ажилчидтай уулзав. Гүйцэтгэгчээр “Охь мандал” компани ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 15 гэхэд дуусна гэдгийг холбогдох албаны хүмүүст хэлсэн юм. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьжээ. Энэ онд 1.6 км урт уг замын голын булеварын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж байна.