Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан нар Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяартотой өчигдөр цахим уулзалт хийв. Уулзалтын эхэнд Монгол Улсын Сангийн яам, Унгар Улсын Экспорт-Импорт (ЭКСИМ) банк хоорондын зээлийн хэлэлцээрт Монгол Улсаас Унгар Улсад суугаа Элчин сайд З.Батбаяр, ЭКСИМ банкны Ерөнхий захирал Гергей Якли нар Будапешт хотноо гарын үсэг зурав.
Монгол, Унгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2020 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр тохиосонтой холбогдуулан сайд нар баяр хүргэж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.
~Сайд Д.Цогтбаатар, Ч.Улаан нар Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайдтай ЦАХИМ уулзалт хийлээ~
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сонгино дахь “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төсөл хэрэгжихэд бэлэн болж байгаад баяртай буйгаа илэрхийлж, тус төслийн ач холбогдлыг онцлон тэмдэглэв. Монгол, Унгарын 70 жилийн дипломат харилцаанд тулгуурлан хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг салбарт түлхүү хөгжүүлэх сонирхлоо илэрхийлэв.
Усны менежментийг сайжруулах замаар манай улсын хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, мөн тус салбарын логистикийн сүлжээг хөгжүүлэх чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлэх манай саналыг унгарын тал дэмжиж буйгаа илэрхийлж, өнөөгийн нөхцөл байдалтай уялдуулан холбогдох албаны төлөөлөгчдийг цахим хэлбэрээр уулзуулах нь зүйтэй гэдэгт сайд нар санал нэгдэв.
НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд манай хоёр улс харилцан дэмжлэг үзүүлж ирснийг тэмдэглээд олон улсын байгууллагын сонгуульд Монгол Улсаас нэр дэвшүүлсэн төлөөлөгчдийг дэмжиж буйгаа Унгарын Гадаад хэрэг, худалдааны сайд П.Сияяарто илэрхийлэв. Түүнчлэн Гадаад харилцааны сайд нарын өмнөх уулзалтын үеэр яригдсан хил дамнасан хууль бус наймаа, гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлээрх манай хүчин чармайлтыг бүрэн дэмжиж буйгаа унгар талаас илэрхийлж, хоёр улсын хууль сахиулах байгууллага хооронд шууд холбоо тогтоохоор тохиров..