8885f57ef44c7ca8big

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 300 гаруй автомашины ЗОГСООЛТОЙ болно

Нийслэлийн Засаг дарга  нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх талаар үүрэг чиглэл өглөө.

Тухайлбал, Маршалын гүүрнээс Баянзүрхийн товчоо хүртэлх замд Туул голын хойд талын далангийн дагуу дугуйн зам, амарч тухлах сүүдрэвч, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлэг бүхий нийтийн эзэмшлийн цогцолбор байгуулах ажлыг яаралтай эхлүүлэхийн тулд нэн түрүүнд цахилгааны асуудлыг шийдэх техникийн нөхцөлөө даруй авахыг даалгав. Гэрэлтүүлгээс гадна камер суурилуулахаас эхлээд иргэдийн аюулгүй байдлыг хангах, эдэлгээ удаан, чанартай байх зэргийг бодолцон, нарны панел ашиглахаас илүүтэй төвийн шугамд холбох нь дээр гэдэг дээр мэргэжилтнүүдтэй хэлэлцэж тохирсон юм.

Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын 23 га газарт ногоон байгууламж, дугуйн зам бүхий шинэ бүтээн байгуулалт эхлүүлэх  төлөвлөгөө ямар шатандаа яваа талаар албаныхантай ярилцаж, саналаа нэгтгэлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амралтын өдрүүдээр маш олон иргэд, үйлчлүүлэгч очдог тул автомашины зогсоол хүрэлцдэггүй учраас нэмэлт зогсоол байгуулах асуудал хөндөгддөг. Тиймээс баруун хойд талынх нь 23 га газар дээр хийгдэх шинэ бүтээн байгуулалтын зураг төсөлд 300 гаруй автомашины зогсоол, дугуйн зам, ногоон байгууламжтай байхаар тусгажээ. Гэвч өмнө нь нийслэлийн Засаг даргын захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд талын 23 га газрыг “Сарангэрэл сан” ТББ тохижуулах төлөвлөлтийн даалгавар гаргуулж, ОХУ-аас мод авчирч тарин, ногоон байгууламж байгуулж эхэлсэн байсан тул гомдол гаргасан байна.

“Нэгэнт ногоон байгууламж, тохижуулалт хийхээр зөвшөөрөл авсан байсан бол тэрхүү зориулалтынх нь дагуу хувийн хэвшлийн аж ахуйн нэгжтэй зохицоод, бүтээн байгуулалтын зураг төслөө уялдуулан хамтатгаж  гаргаад, ажлаа даруй эхлэх хэрэгтэй” хэмээн хотын Захирагч хэлсэн. Ийнхүү ногоон байгууламжтай холбоотойгоор дэвсгэр зураг шинээр гаргах, авто зам болон машины зогсоолоо өөр газарт шилжүүлэн төлөвлөх, эсэх гээд зураг төсөлд өөрчлөлт хийх гэх мэт шийдлээ ирэх долоо хоногт эцэслээд оруулж ирэхийг Зураг төслийн хүрээлэн, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газарт даалгалаа.

Leave a Reply