niigmiin-oorchlolt

Манай улс ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн Дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ

НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулган энэ оны 11 дүгээр сарын сүүлчээр БНФУ-ын Парис хотноо хуралдав. Чуулганы үеэр ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн сонгууль явагдсан бөгөөд Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн бүлэгт нэр дэвшиж Бангладеш, Тайланд улсуудын хамтаар гишүүнээр сонгогдсон байна.

Дараа нь ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн гишүүдээс уг зөвлөлийн Ерөнхийлөгч болон дөрвөн Дэд ерөнхийлөгчийг сонгох ээлжит бус хуралдаан болж, Монгол Улс Дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ.

~Манай улс ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн Дэд ерөнхийлөгчөөр сонгогджээ~

Засгийн газар хоорондын зөвлөл нь ЮНЕСКО-гийн 35 гишүүн улсаас бүрддэг. Гишүүдийг ЮНЕСКО-гийн Ерөнхий бага хурлын чуулганаар сонгож, 4 жилийн хугацаатайгаар томилж ажиллуулдаг. Зөвлөлийн гишүүд нь “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилтийг удирдан чиглүүлэх, хөтөлбөрийн үйл ажиллагааг үндэсний түвшинд хэрэгжүүлэхэд гишүүн улсуудад дэмжлэг үзүүлэх, хөтөлбөрийн үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагааг тодорхойлох зэрэг үүргүүдийг хүлээдэг.

Монгол Улсын хувьд уг хөтөлбөрийн хүрээнд 1996-1998, 2001, 2006-2007, 2015, 2017 онуудад төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан ба 2019 онд Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академи болон ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” семинарыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан юм.

Leave a Reply