Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилсаны дагуу БСШУСЯ-ны харьяанд “Чингис хаан судлалын хүрээлэн” байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа.
Мянганы суут хүн Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмэр, XIII зууны түүх, соёлыг гүнзгийрүүлэн судалж, олон улсад сурталчлан таниулах, гадаадын эрдэмтэн, судлаачдыг Монгол Улсад эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа явуулах боломжийг бүрдүүлэх, Чингис хаан судлалыг Монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх зорилгоор ийм шийдвэр гаргасан байна.
Сүүлийн үед Чингис хааныг өөрсдөөсөө гаралтай гэх зэргээр өмчлөх хандлагыг зарим улс орнууд ил тод илэрхийлэх болсон.Дэлхий нийтэд ч Чингис хаан, XIII зууны үеийн түүх, соёлын талаарх бодитой ойлголт хангалтгүй байгаа. АНУ-ын дунд сургуулиудад л гэхэд Хубилай хаан бол түүхэндээ Хятадын хаан байсан гэж зааж байна. Чингис хааны өв, соёлын хүрээлэнтэй болсноор Чингис хааны нэр, хаяг, хөрөг зураг, хөшөө дурсгалын дүрсийг хэрхэн ашиглах асуудлыг ч хуульчлах боломжтой болох юм.
Энэ мэтээр олон жил яригдсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрсэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэн байгуулах бодитой олон шалтгаан байсан. Тиймээс энэ бүхнийг Засгийн газар харгалзан үзээд их хаантай холбоотой асуудалд Монгол төрийн нэгдсэн бодлого, зохицуулалттай болох, Чингис хаан судлаач гадаад, дотоодын түүхч, эрдэмтэн, судлаачдын оролцоог нэг чигт хандуулах зорилгоор энэхүү шийдвэрийг гаргасан болохоо Засгийн газрын зүгээс тайлбарлаж байгаа юм.