Гар дор чинь илүү дэлгэрэнгүй тайлбартай хоолны жортой ном байхгүй тохиолдолд, мөн хоол хийх цаг бага байгаа үед, ямар нэг ер бусын амттай хоол идэхийг хүссэн үедээ дараах хялбархан хоолнуудаас сонгон хийж үзээрэй. Энэ удаад цөцгийтэй мөөгтэй хуурга хийх жороос хүргэж байна.
Орц:
- 400 гр орчим үхрийн мах
- 1 том сонгино
- 200 гр мөөг (Бондгор товчин мөөг гоё болдог)
- 2 том халбага масло
- 1/2 аяга цөцгий (сметана)
- 1 том халбага ширхэгтэй горчица (wholeseed mustard)
- 2 халбага бренди архи (байвал)
- давс, перц
Хийх заавар:
1. Махаа маш нимгэн хавтгай, эсвэл нарийхан гонзгой хэрчээд давс перц цацаад орхино.
2. Сонгиноо нарийхан хэрчинэ. Мөөгөө дундуур нь нэг хуваана.
3. Хайруулын тавгандаа 1 халбага маслоо хайлуулаад, махаа хийн хүчтэй гал дээр өнгө нь сайн борлотол хуураад, түр гаргаж авна.
4. Хайруулын тавган дахь махныхаа шүүсэн дээр үлдсэн маслоо хийж хайлуулаад, зөөлөн гал дээр сонгино, мөөгөө хуурна. Зөөлрөөд ирэхээр нь махаа буцааж хийгээд, брендигээд цацаад, горчица, цөцгийгөө нэмээд, давс перцээр амтлаад махаа зөөлөртөл 5-10 минут чанаж болгоно. (Бага зэрэг шөлтэй байвал их гоё, шөл нь ширгээд байвал аяганы тал хүрэхгүй ус нэмээрэй.)