Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүрээнд Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, ОХУ-ын Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран бүтээсэн “Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат кино өнөөдөр 18:30 цагт “Зайсан Хилл” цогцолборт нээлтээ хийнэ. Тус баримтат киноны Монгол талын найруулагч, Н.Чингис, редактор А.Ариунбаатар нартай ярилцлаа.
-Сайн байна уу. Юун түрүүнд та нарт болон танай баг хамт олонд том ажлын ард гарсанд баяр хүргэе.
Н.Ч: -Баярлалаа. “ОХУ, Монголын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны форум өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Эрхүү хотноо зохион байгуулагдсан. Энэ үеэр Халхын голын түүхэн ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах хэлэлцүүлэг өрнөсөн. Тухайн үед Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал Л.Нинжжамц хойд хөршийн Батлан хамгаалах яамны дэргэдэх Зэвсэгт хүчний “Звезда” телевизтэй хамтран ажиллах санал тавихад “Звезда” телевизийн удирдлага таатай хүлээн авсан юм. Тухайн үеэс “Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат кино төслийн ажил эхэлсэн.
А.А: -Энэ төсөлд МҮОНРТ-ийг төлөөлж 35 уран бүтээлч оролцсон. ОХУ-ын Зэвсэгт хүчний “Звезда” телевизээс 39 хүн ажилласан. Тухайлбал, Монголын талаас МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц санаачилж, Ерөнхий продюсерын үүрэг гүйцэтгэлээ. Харин продюсероор Д.Ганчимэг, Д.Цэцэгдэлгэр, гүйцэтгэх продюсероор О.Отгонжаргал, зургийн дарга, хилийн зөвлөхөөр Хил хамгаалах ерөнхий газрын зөвлөх, хурандаа Д.Баасанжаргал, түүхийн зөвлөхөөр Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, хошууч Т.Сүхбаатар, зураачаар А.Баяраа, хувцасны зураачаар Д.Батмөнх, зураглаачаар Б.Чинбат, тайзны зураачаар М.Даваасүрэн, Э.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй уран бүтээлч ажиллалаа. Харин хойд хөршөөс зэвсэгт хүчний “Звезда” телевизийн ерөнхий найруулагч А.И.Кременецкий, найруулагч А.Ю.Архипов, гүйцэтгэх продюсероор Ю.А.Замоложинская, А.В.Корчагина, зохиолчоор А.С.Зацепина, ерөнхий зураглаачаар А.А.Оганесян, ерөнхий зураачаар Т.Асатуров нарын уран бүтээлч оролцсон. Энэ кино төслийн хүрээнд өнгөрсөн зургаадугаар сард Монгол, ОХУ-ын 35 уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй хамтарсан баг таван хэсэгт хуваагдан 11 хоног зураг авалт хийлээ. Тухайлбал, Халх голын тухай баримтат, уран сайхны киноны баг хамт олон буюу Монгол, Оросын уран бүтээлчид 21 хоногийн хугацаанд Улаанбаатар – Хэнтий – Баян-Овоо – Талын хөндлөн – Баян-Овоо – Чингис хот – Баянтүмэн – Дорнод – Буйр нуур –Халх гол –Чойбалсан хот – Чингис хот- Улаанбаатар чиглэлд нийтдээ 3300 орчим км зам туулж, баримтат болон уран сайхны зураг авалт хийсэн. Хамтарсан, түүхэн, цуврал баримтат кино төслийн постпродакшны ажлууд ОХУ-ын нийслэл Москва хотноо хийгдсэн. Харин МҮОНРТ-д орчуулга болон дуу оруулалт хийсэн.
~Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат кино хэрхэн бүтсэн талаар~
-Киноны агуулга болон үйл явдлын талаар мэдээлэл өгөөч?
Н.Ч: -“Халхын голд байгуулсан гавьяа” киноны нэг анги ойролцоогоор 40 минут үргэлжилж байгаа. Эхний ангид Халхын голын байлдаан эхлэхийн өмнөх үеийн дэлхийн тэргүүлэгч гүрнүүдийн улс төр эдийн засгийн ашиг сонирхол, геополитик, Японы Алс Дорнодод довтлон орох нууц төлөвлөгөө, Баргууд болон хятадууд, атаман Семёновын цагаантны үлдэгдлийг Япончууд тагнан турших, хорлон сүйтгэх ажиллагаандаа хэрхэн ашигласан зэргийг өгүүлнэ. Харин дараагийн ангид дайны эхэн үеийн Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн байдал үйл ажиллагаа, Халхын гол, Буйр нуурын агаарын тулалдааны нөхцөл байдал, Баянцагааны нуруун дахь танкийн тулалдаан, ЗХУ-ын баатар Яковлёвын тухай, шархтнуудыг хэрхэн эмчилсэн талаар гарна. Түүнчлэн сүүлийн хоёр ангид Халхын голын шийдвэрлэх тулалдааны тухай, дайралтыг хэрхэн амжилттай болсон хийгээд цус асгаруулсан тулалдаан, Монгол, Зөвлөлтийн цэргүүдийн байгуулсан баатарлаг гавьяа, дайнаас төрсөн баатрууд, Халхын голын дайн дэлхийн хоёрдугаар дайнтай хэрхэн холбогдож байгааг харуулсан.
Энэ бүтээлээр юуг хэлэхийг хүссэн бэ гэвэл Халхын голын байлдаан яагаад эхэлсэн талаар болон тухайн үеийн геополитик, их гүрнүүдийн санаархлаас үүдсэн зөрчилдөөнийг харуулахыг хүссэн. Халхын голын байлдаан бол дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэн “оч”. Яагаад гэвэл 1939 онд 2-3 сарын хугацаанд болоод дуусчихсан байлдаан биш. Манжго улс байгуулагдаад 1932 оноос өдөөн хатгалт хийж эхэлсэн байдаг. Энэ үеэс дэлхийн хоёрдугаар дайны бэлтгэл явагдаж эхэлсэн гэж судлаачид үздэг. Дэлхийн хоёрдугаар дайнд Герман, Итали, Япон гэсэн гурван гүрэн холбоото~н болж оролцсон. Тэгвэл дээрх холбоотны нэг жигүүрийн дайны талбар нь Халхын гол байж.
Энэ баримтат киног бүтээхийн тулд 3300 орчим км замыг туулсан гэдгийг түрүүнд хэлсэн. Нөгөө талд ч ОХУ-ын уран бүтээлчид өөрийн орондоо олон мянган км зам туулж, архивын судалгаа хийсэн. Үүнээс харахад Халхын голын дайн одоогийн ОХУ, БНХАУ, БНСУ гэсэн гурван орны хилийн зааг дээр байдаг Хасаа нуурт 1938 онд болсон тулаанаас эхэлжээ. Энэ тулаанд Квантуны арми цохиулсан бөгөөд дараагаар нь Халх голоор дахин дайрсан.
А.А: -Хэрвээ Японы цэргүүд Халх голд ялалт байгуулсан бол Сибирийг Зөвлөлтөөс салгаад асар их нөөц бүхий газрыг өөрийн эзэмшил болгох тактиктай байсан болов уу. Ийн тухайн цэг рүүгээ дайрахад Монгол хамгийн сул хамгаалалттай газар хэмээн тооцсон.
Н.Ч: – Тухайн үед ЗХУ-ын цэрэг арми одоогийн Баяндун сумын Ульханы заставын газар нутгаар Монголд орж ирсэн баримт бий. Бид яг тухайн замаар явж зураг авалтаа хийсэн байгаа. Мөн бид аман баримтуудыг кинондоо багтаасан. Тухайлбал, Манжгогийн хилийн талд унасан орос нисгэгчтэй онгоцыг монгол цэргүүд хэрхэн өөрийн хил рүүгээ татаж оруулсан түүхийг дурдана.
Мөн энэ баримтат бүтээлдээ хроник архивын материал их ашигласан. Онцолсон үйл явдлуудын зураг авалтаа уран сайхны тавилттай хийсэн. Тухайлбал, баргуудыг баривчилсан, тэднээс байцаалт авсан цаг үе болон зарим тулгаралтыг өгүүлэхдээ уран сайхны тавилт оруулсан байгаа. Мэдээж энэ ялалтын үр дүн, ач холбогдол монголчуудад хэрхсэн талаар харуулна. ОХУ-д Монголын талд байхгүй архивын баримтууд байсан. Үүнийг кинондоо ашигласан.
Бид хоёрын хувьд анх удаа хойд хөршийн уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Нэг талаараа том олз болсон. Монтаж, зураг авалт, зохиол, жүжигчидтэй хэрхэн ажиллах тал дээр нэлээд туршлага хуримтлууллаа.
А.А: Халхын голын байлдаанд оролцсон хүн маш цөөхөн үлдэж. Эрж сурч байж 15 настайдаа сайн дураараа фронт руу явсан Дорнодын Чимэдцэрэн эмээгийн ярилцлагыг оруулсан. Ер нь энэ мэт тухайн цаг үед тулааны талбарт байсан цөөн хүний ярилцлагыг бүтээлдээ багтаасан. Биднийг киногоо хийх хугацаанд Монгол Улсын баатар П.Шагдарсүрэн бурхан болсон. Гэхдээ бид бүтээлдээ тухайн үеийн жанжид буюу Маршал Х.Чойбалсан, Л.Дандар, Ш.Гонгор баатарын үр хойч, ач зээ нарын ярилцлагыг оруулсан байгаа.
Зарим хүн ЗХУ, Япон хоорондын дайнд Монгол оролцоод хохирсон мэтээр ярьдаг. Кино хийх явцад зураг авалтын үеэр бодогдсон зүйл гэвэл монголчууд тухайн үед эх орныхоо төлөө амь биеэ хайрлахгүй хэрхэн тэмцсэн, ямар гавьяа байгуулсан гэдгийг зарим хүмүүс болон залуучууд ойлгох хэрэгтэй. Цахим сүлжээнд өрөөсгөл, худлаа зүйлс их байна.
-Бүтээлээ хийх явцад уран бүтээлч хүний тань хувьд хамгийн ихээр эмзэглүүлж байсан зүйл юу байв?
Н.Ч: -Нас тогтсон хүмүүст Халхын голын байлдааны тухай ерөнхий ойлголт бий. Орчин үеийн залуус энэ байлдаанд монголчууд оролцоогүй гэсэн бусдын ам дамнасан яриаг дамжуулж байгаа харагдсан. Үгүй юмаа тэнд Монгол, Зөвлөлтийн дайчид хамт ялалт байгуулсан юм шүү. Агаарын тулаан, артиллерын тулаанд Зөвлөлтийн цэрэг, дайчид давамгайлсан нь тодорхой. Үүгээр монгол дайчдын гавьяаг далдалж болохгүй.
Хэрвээ Халхын голд ялалт байгуулаагүй бол өдийд ямар нөхцөл байдал үүссэн байх вэ гэдгийг л ойлгох хэрэгтэй. Мөн залуус тухайн газар нутагт очиж үзэх хэрэгтэй. Одоо ч тэр дайн, байлдаан болсон газар эдгээгүй. Бөмбөгдөлтийн хонхорхой, тэсэрч дэлбэрээгүй үлдэж хоцорсон бөмбөг, сум байж л байна. Энэ бүхнийг “Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн баримтат киноноос үзэж мэдээсэй, дараа нь тухайн газар оронд очиж үзээсэй гэж хүсэж байна.
Бид гол тулаан явагдсан Хайлааст манханд очиж зураг авалт хийсэн. Тэндхийн газрыг гараараа жаахан ухахад л цэрэг дайчдын цогцос, эдлэл хэрэглэл гарч ирж байсан. Гэтэл тэр газраас олдож буй Япон цэргийн эдлэл хэрэглэл, зэвсэг(сэлэм, бууны жад зэрэг)-ийг хил давуулах, зарах асуудал их байдаг. Энэ бол эх орон ч үзэл биш. Тэр түүхийн баримтуудыг дурын хүмүүс очоод хөндөх нь зөв үү. Цаг нь болохоор зөвшөөрөлтэй, эрх бүхий археологич, судлаачид судална. Тиймээс битгий ийм үйлдэл хийгээч гэж уриалахыг хүссэн.
А.А: Хоёр орны дайчдын Халхын голд байгуулсан гавьяаг алдаршуулсан бүтээлд ажилласандаа баяртай байна. Сайхан бүтээл болсон. Залууст 80 жилийн өмнө болсон энэ түүхийн мэдлэгийг тодорхой хэмжээнд өгөх байх. Түүх гэдэг сошиал сүлжээнд хэн нэгний байрлуулсан нэг хоёр зураг, хэсэг бичвэр биш гэдгийг хэлмээр байна. Тиймээс эрхэм уншигч та бүхэн “Зайсан Хилл” цогцолборт болох “Халхын голд байгуулсан гавьяа” түүхэн, цуврал баримтат киноны нээлтэд зочлоорой. Монгол орны өнцөг булан бүрт байгаа хүн бүр цэнхэр дэлгэц(МҮОНТ)-ээр “Халхын голд байгуулсан гавьяа” бүтээлийг хүлээн авч үзээрэй.