Хархорин хотоос 45 км засмал замаар яваад Орхоны хөндийн дахь дэлхийн соёлын өв Түрэгийн дурсгалт газар болох Хөшөө Цайдам музей бий. Энд төв Азийн хаадаас хэрэглэж байсан алтан титэм хоёрхон ширхэг олдсоны нэг нь болох бадмаараг зуусан галт шувууны дүрслэл бүхий Билэгт хааны цул алтан титэм байдаг.
Манай тооллын 550 оны үед Алтайн Түрэгийн зонхилогч Түмэн хаан Жужаны хаант улсыг унагаж, Орхон голоор төвлөрсөн хүчирхэг Түрэг улсыг байгуулсан 100 гаруй жилийн дараа дотоодын зөрчлөөс болж Тан улсын
эрхшээлд орсон ч Кутулаг хаан, мэргэн зөвлөх Тоньюкук нар эрслэн босч эзэнт гүрнээ дахин байгуулжээ.
Кутулаг хааны хүүхдүүд болох Билгэ, Куль-Тегин нар Цагаан хэрмээс Байгаль далай Хянганаас дундад Ази хүртэлх өргөн уудам нутгийг эзлэн байжээ.
731 онд 49 насандаа таалал төгссөн хаан хүү Билгэ зориулан тахилын онгон байгуулсан бөгөөд эдгээр нь Азийн түүх, дэлхийн археологийн шинжлэх ухаанд хувь нэмэр оруулахуйц ховор дурсгалууд болсон билээ.
Тэрхүү Хөшөө Цайдамын дурсгалыг анх Оросын эрдэмтэн М.Н.Ядринцев илрүүлэн олсон ба 1890 онд Финляндын эрдэмтэн А.Гайкаль хөшөө дурсгалуудыг нь судалжээ. Тэр цагаас хойш судалгааны эргэлтэд орсоор 2003 онд Монгол, Туркийн хамтарсан баг эдгээр дурсгалыг хөндөж, шавар сав, төмрөөр хийсэн аж ахуйн болон гоёл чимэглэлийн зүйлс, вааран дээврийн хэсэг, тосгуур зэрэг 2000 орчим эд өлгийн зүйл олджээ.
Алтан титэм нь хэн бүхний анхаарлыг татна.
Уг малтлагаас олдсон алтан титэм 93х23 см хэмжээтэй 80 гр жинтэй, хээ бүхий таван хэвсэгэй бөгөөд голын хэвсэгт жигүүрээ дэлгэсэн бахим хошуутай хошуундаа эрдэнийн чулуу зуусан галт шувуу бүхий шувууны өд, жигүүрийг уран сайхан сийлсэн нь гайхалтай.
Титмийг эргэн тойрон ургамлыг дүрсэлсэн хээтэй, эрдэний чулуун шигтгээ тогтоож байсан бололтой олон нуух хоногтой.
Энэхүү титэм нь дээр өгүүлсэн Культегиний гэрэлт хөшөөний толгойд дүрсэлсэн титмийн хивсэгийн тоо, хээ чимэглэлтэй адил байгаа нь хааны титэм гэхээс хөх түрэгийн язгууртнуудын ямба ёслолын өмсгөл гэсэн тайлбарыг зарим судлаачдад төрүүлдэг юм.Хөшөө цайдамын цогцолборыг ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” гэх зэрэглэлээр дэлхийн соёлын өвд 1996 онд бүртгэн авсан байна. Монгол Улс уг цогцолборт орших 20.8 км.кв талбайг 1961 онд улсын хамгаалалтанд авчээ.