Вансэмбэрүүг монголчууд эртнээс тэнгэрийн задын цэцэг хэмээн сүслэн шүтэж ирсэн. Эрж хайсан бүрт эс олдох бөгөөд үзэгдэх хүндээ үзэгдэнэ гэх яриа бий. Атганд багтахгүй бүдүүн ногоон иштэй бөгөөд үндэснээсээ эхлээд ишээ дагаад уртсаж ургасан гонзгойвтор өргөслөг хүрээтэй шүүслэг нойтон навчтай.
Вансэмбэрүү цэцэг нь ихэвчлэн гурван мянган метрээс дээш өндөрт уулын хад асганд хосоороо ургадаг. 15 см-ээс нэг метр хүртэлх өндөр, бүдүүн иштэй, захаараа олон хурц шүдлэгтэй, гонзгойвтор навч нь шилбээ дагасан далавч үүсгэсэн дэлбэгэр том цагаан дэлбээтэй цоморлигийн голдоо балчир хүүхдийн зулай адил зөөлөн бүлээн хүрэн толгойтой цэцэг.
Монголд гурван зүйлийн Вансэмбэрүү байдаг:
-
- нөмрөгт банздоо,
- байгалийн банздо,
- дорогстайн банздоо
Манай орны Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулсаар маш ховорхон тархан ургадаг. Энэ ургамалд эр, эм бэлэг хамтдаа байрладаг, хос бэлэгтэй нэг гэрт ургамал. Үрээр үржихдээ муу. Өөр хоорондоо 10-20 метрийн зайтай ургах бөгөөд үүний нууц нь өнөөг хүртэл тайлагдаагүй байна.
Цэцэглэх явц маш удаан. Цэцэглэх хүртлээ 3-5 жил, зарим үед бүр 8 жил хүртэл зарцуулна. Нас, амьдралын эргэлт, үржил нь дэндүү хязгаартай бөгөөд үрээр үржих чадвар маш муу.
Монгол орны хувьд устах аюулд орсон 132 ургамлын нэг бөгөөд 1997 онд “Улаан ном”-д бүртгэгдсэн дархан цаазтай ургамал. Вансэмбэрүү цэцгийн үрийг гадаадад худалдах, гаргахыг 1974 онд Олон улсын конвенциор хориглосон байдаг.